Facebook цагдаагийн ажилд тусална

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Facebook цагдаагийн ажилд тусална

Өнөөдөр замын хөдөлгөөний дүрэмээ баримталж явдаг жолооч нар ховорхон болжээ. Уулзвар дээр замын цагдаа байхгүй бол тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио зөрчөөд л зам дээр ганцаараа явж байгаа мэт аашилдаг олон жолооч байдаг. Энэ бүх зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авах замын цагдаа нь хүрэлцэхгүй байгаагаас дүрэм зөрчигчид улам олширч байгаа.

Өмнөх онуудаас замын цагдаагийн орон тоо 40 хувиар багасч, харин нийслэлд явж байгаа автомашины тоо 350 мянга давсан гэсэн харьцангуй үзүүлэлт гарсан байна. Замын хөдөлгөөний зөрчлийг арилгах ажлын нэг болох хяналтын камеруудыг уулзваруудад байрлуулсан нь үр дүнтэй ажил болсон гэх олон хүн байна. Тэгвэл зөвхөн хянах камеруудаас гадна иргэд өөрсдөө дүрэм зөрчиж буй жолооч нарын гаргасан зөрчлийг зураг болон бичлэгээр баримтжуулаад Замын цагдаагийн газрын /ЗЦГ-ын/ Paparazzi+Trafic нэртэй фэйсбүүк хуудсанд байршуулах боломжтой болсон байна. Ингэж баримтжуулснаар ЗЦГ-аас хянаж шалгаад зөрчил гаргасан нь тогтоогдвол захиргааны арга хэмжээ авдаг юм байна. Уг фэйсбүүк хуудас өмнөх оны аравдугаар сараас эхлэн иргэдтэй хамтран ажиллаж эхэлснээр өнөөдрийг хүртэл иргэдийн ирүүлсэн 300 гаруй зөрчлийг шалгаж арга хэмжээ тооцсон байна. Эхний удаад арга хэмжээ тооцох гэхээсээ илүү тухайн жолоочид ойлгуулж, дүрэм зөрчихгүй гэсэн амлалтыг нь авч байгаа юм байна, хэрэв сануулаад байхад ахин зөрчил гаргавал томоохон арга хэмжээ авна гэв.

ЗЦГ-ын “Иргэн та замын цагдаа” уриатай фэйсбүүк хуудас 5400 гаруй гишүүнтэй болсноос  иргэд энэхүү үйл ажиллагааг таатай хүлээж авч байгаа нь харагдаж байна.

Тэгэхээр та цагдаа байхгүй байна гээд дүрэм зөрчиж болохгүй нь байна. Учир нь тантай цуг замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигчид бүгд замын цагдаатай ижил арга хэмжээг авч чаддаг болсон шүү.

М.НАРАНГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж