Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Хэвлэл мэдээллийн байгууллагыг эзэмшигч эзэд захиалгаар нийтлэл нэвтрүүлэг бэлтгэхийг сэтгүүлчдээ үүрэг болгодог. Эцсийн дүндээ бичсэн нийтлэл, нэвтрүүлэг нь гүтгэлэг болсон нөхцөлд сэтгүүлч нь асуудалд орж, эзэн нь зүгээр хоцордог. Тиймээс хөдөлмөрийн хууль зөрчин, сэтгүүлчээр “боол”-ын хөдөлмөр эрхлүүлдэг эзэд, хөрөнгө оруулагч нарыг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирсэн нь мэргэжлийн сэтгүүл зүй хөгжих бололцоог улам боомилж байна. Сэтгүүлчийг ёс зүйгүй, муухай харагдуулж байгаа хүн нь цаанаа эзэд байна” гэсэн саналууд хэлэв. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хаалтын гэрээ байгуулдаг тохиолдол бий. Үүнийг таслан зогсоох ёстой байгаа. Энэ асуудал хуулийн төсөлд хэрхэн туссан бэ, УИХ дэргэдээ хэвлэл мэдээллийн албатай байх нь хэр зохистой вэ гэдгийг ч тодруулж байлаа.
Хуулийн төслийг боловсруулах үүрэг хүлээсэн ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг “Хаалтын гэрээг хориглож байгаа. Харин УИХ-ын дэргэдээ хэвлэл мэдээллийн албатай байхыг хүлээн зөвшөөрсөн. Парламентыг ард түмний сонголтоор байгуулдаг гэдэг утгаар нь. Харин ИТХ-ын тухайд дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хүлээн зөвшөөрөөгүй. ИТХ нь байнгын үйл ажиллагаа явуулдаггүй, тийм байж татвар төлөгчдийн мөнгөөр хэвлэл мэдээллийн байгууллага үүсгэн байгуулахыг хориглосон. Үйл ажиллагаагаа сурталчах бол арилжааны телевизтэй гэрээ байгуулаад явах боломжтой хэмээн үзсэн” гэлээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.