Гэтэл МСБХ-ны Пэпси дээд лигийн тэмцээн шинэ он гараад нээлтээ хийсэн ч удалгүй цуцлагдсан. Ингээд “Хасын хүлгүүд” баг Пэпси дээд лигт тоглох боломжгүй болж, улмаар Үндэсний супер лигийн тэмцээнд тоглохоор хүсэлт тавьжээ. Гэвч лигийн тэмцээний сугалаа нэгэнт тодорсон тул МҮСБХ-ны Мэргэжлийн зөвлөл хуралдаад, “Хасын хүлгүүд” багийг оролцуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн байна. Тус хуралд мөн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, дэд сайд М.Түмэнжаргал, “Хасын хүлгүүд” багийн дасгалжуулагч, эзэн оролцжээ. Мэргэжлийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг ч албан ёсоор дээрх хүмүүст хүргүүлсэн байна.
Гэвч “Хасын хүлгүүд” багийн асуудлаар МСБХ-ноос мэдээлэл хийж, тус багийг ивээн тэтгэгч Хас банк нь МАН-ыг дэмждэг тул асуудлыг улстөржүүлж, намын харьяаллаар ялгаварлан Үндэсний супер лигт тоглуулахгүй байхаар шийдвэрлэсэн гэсэн утгатай мэдэгдэл хийснийг МҮСБХ-ноос няцаав. Тус холбооны хувьд намын харьяаллаар ялгах, улстөржүүлсэн зүйл огт байхгүй, сагсан бөмбөгийн спорт хэн бүхний өмнө нээлттэй, гэхдээ аливаа тэмцээн, уралдаан дүрэм журмын дагуу, зарчмын дагуу зөв зохистой явагдах ёстой тул “Хасын хүлгүүд” багийг оролцуулах боломжгүй гэдгийг тайлбарлав.
Мөн хэвлэлийн бага хурлын үеэр МҮСБХ-ны зүгээс МСБХ-г шүүмжилж, удаа дараа зохисгүй, бодит байдлыг гуйвуулсан утга агуулга бүхий мэдэгдэл хийж байгаа гэлээ. Тухайлбал, Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар найз /МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгыг хэлэв./-даа Спортын төв ордны зааланд долоо хоногийн таван өдрийн турш тэмцээнээ зохион байгуулах эрх олгосон гэж МСБХ-ноос мэдээлсэн юм. Гэвч бодит байдал дээр МҮСБХ нь долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт буюу гурван удаа 18-22.00 цагийн хооронд СТО-ны “А” зааланд Үндэсний супер лигийн тэмцээнийг зохион байгуулж байгаа гэдгийг С.Тулга хэллээ. Мөн ҮСЛ-ийн тоглолтын тасалбараас олсон орлогыг тухайн өдөр тоглолт хийсэн багуудад хувааж олгож буйг ч тэр дурдсан юм.
Ер нь өнгөрсөн хугацаанд МСБХ-ны үйл ажиллагаа тодорхойгүй байсан, тиймээс шаардлагатай бол энэ асуудлыг шүүх, цагдаагийн байгууллагад шилжүүлэхэд ч бэлэн гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.