“Энержи ресурс” 2012 онд алдагдал хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

“Энержи ресурс” 2012 онд алдагдал хүлээжээ

Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани 2012 оны санхүүгийн жилийг 2011 оны орлоготой харьцуулахад алдагдалтай ажилласан гэж вебсайтдаа мэдээлжээ.

Тус компанийн гол зах зээл Хятадын ган, коксын үйлдвэрүүдийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ буурсаны дээр компанийн зардал өссөн учраас алдагдал хүлээнэ гэж тайлбарласан байна.

“Энержи Ресурс” компани 2011 онд долоон сая гаруй тонн нүүрс Хятад руу экспортод гаргасан. Харин 2012 онд хэдий хэмжээний нүүрс гаргаснаа тайландаа мэдээлээгүй байна.  

Гэхдээ компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадын “Jinan Iron and Steel Group” гэдэг компанитай нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн юм. Жилд 500 мянгаас хоёр сая тонн боловсруулаагүй коксжих нүүрсийг таван жилийн хугацаанд зах зээлийн үнээр нийлүүлэх гэрээ хийсэн учраас энэ онд нүүрсний экспорт нь тогтворжих, өсөх магадалтай байна.  

Компанийн зардал өссөн нь “ММС” өнгөрсөн онд Гашуунсухайтын хилийн боомт хүртэл төмөр замын барилга эхлүүлсэнтэй холбоотой байж магадгүй. Гэхдээ энэхүү төмөр замыг тавьснаар цаашид экспортод нь урт хугацаандаа чухал нөлөө үзүүлэх юм.

Өнгөрсөн оны намар Moody"s үнэлгээний агентлага “Mongolian Mining Corporation”-ний үнэлгээг сөрөг болгохдоо өрийн дарамт болон ашиг орлого нь суларснаас болж үнэлгээ нь буурсан гэж тайлбарласан билээ.

ММС өнгөрсөн онд Баруун Наран уурхайгаас Ухаахудаг хүртэлх зам тавьж дуусгах, усны хангамжийн төсөл болон нүүрс угаах үйлдвэрийн гурав дахь модулийг гүйцээх зэрэг ажилд 170 сая ам.доллар зарцуулж зардал нь нэмэгдэх төлөвтэй байсан юм.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж