Лондоны “Челси” багийн хагас хамгаалагч Эден Азар тэмцээний үеэр талбайгаас гарсан бөмбөгийг авч байсан хүүхдийг өшиглөсөн тухай Британийн таблоид “The Daily Mail” бичсэн байна.
Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хүрээнд учраа таарсан "Суонси" болон "Челси" клубын хариу тоглолтын 70 дахь минутад дээрх хэрэг гарчээ. Бөмбөг талбайгаас гарахад жаалхүү бөмбөгийг авсан аж. Хүүгээс бөмбөгийг авахаар Азар оролдож, хүүхэд харин бөмбөгийг өгөлгүй түүн дээр нь хэвтэн эсэргүүцсэн аж. Азар бөмбөгөө булаан аваад хэвтэж байсан хүүхдийн хавирга руу өшиглөжээ.
Шүүгч туслахуудтайгаа зөвлөлдөөд Бельгийн хөлбөмбөгчинд улаан хуудас гардуулан талбайгаас хөөсөн байна. Хоёр багийн эхний тоглолт 0:2 харьцаатай "Суонси"-гийн ялалтаар өндөрлөөд байсан юм. Харин хариу тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөж, "Суонси" дараагийн шатанд шалгарчээ. Тоглолтын дараа “Суонси” багийн ерөнхий дасгалжуулагч Микаэль Лаудруп мэдэгдэхдээ, болсон хэрэг явдлыг хараад Азар уучлал гуйх байх гэжээ.
Азар 2011, 2012 онд Францын шилдэг хөлбөгчнөөр тодорч байлаа. Тэрээр 2012 оны долдугаар сараас “Челси” багт “Лилль” клубаас шилжин иржээ.