Францын ерөнхийлөгч асан Николя Саркози хөрөнгө оруулалтын санг Лондонд нээхээр болж байгаа гэж мэдээлжээ. Францад
баячуудаас 75 хувийн татвар авах болсноос тус улсын зарим хүн өөр улсын
харьяалалтай болж, хөрөнгөө гадагш гаргаж байгаа. Тиймээс ерөнхийлөгч асан ч
татвараас зугатах гэж байна гэсэн яриа тархжээ. Ерөнхийлөгч асны хүрээнээс энэ
мэдээллийг үгүйсгэж байгаа хэмээн The Telegraph сонин өгүүлсэн байна.
Францын Mediapart сонин санхүүгийн хүрээний эх сурвалжид
тулгуурлан мэдээлснээр, Саркози сан байгуулах хэлэлцээрийг хийн нэг тэрбум
евро оруулахаар төлөвлөж буй ажээ. Сан
байгуулах талын бэлтгэл ажлын талаар экс ерөнхийлөгчийн компьютераас
цагдаагийнхан нэгжлэг хийхдээ илрүүлсэн гэнэ. Түүний сонгуулийн кампанийг L"Oreal компанийн залгамжлагч Лилиан
Бетанкур хууль бусаар санхүүжүүлсэн
гэх хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд түүний компьютераас эдгээр материалуудыг
авсан гэнэ.
Саркозид ойр хүрээнийхэн түүнийг Их Британид очиж сан байгуулах гэж
байгаа гэсэн мэдээг үгүйсгэв. Түүнээс гадна мөрдөн байцаалтын үеэр түүнийг
Францаас гарахыг хориглосон байгаа юм.
Саркози 2007 оноос Францын
ерөнхийлөгч байгаад 2012 оны
тавдугаар сарын ерөнхийлөгчийн сонгуулиар социалист Франсуа Олландад ялагдсан юм. Огцорсныхоо дараа тэрээр
лекц уншин цагт 150 мянган британи фунттай тэнцэх хөлс аван амьдарч байгаа гэж “The
Daily Mail” сонинд бичсэн байна.
Засагт гарч ирсэн социалист
Олландын толгойлсон Засгийн газар жилдээ нэг сая еврогоос дээш орлоготой
францчуудаас 75 хувийн ашгийн татвар авна гэсэн юм. Үүнээс үүдэн хамгийн
Францын баян Бернар Арно татвараас
зугтаагүй гэж мэдэгдсэн ч Бельгийн иргэн, жүжигчин Депардье Оросын иргэн
болсон. Энэ мэтээр Францын баячууд хөрш Бельги, Швейцарид дүрвэж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР