Засаг дарга асан Ц.Болдыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Засаг дарга асан Ц.Болдыг шүүнэ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга  асан Ц.Болдод холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан. Түүнд  холбогдох хэргийн шүүх хурал маргааш 11.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд болох тов гарчээ.  Энэ хэргийг өмнө нь тус дүүргийн шүүхэд хэлэлцээд мөрдөн байцаалт дутуу гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм.  Түүнд эрүүгийн хуулийн 273.2-т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар   зарцуулсан,   150.3 буюу  бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 263.2-т зааснаар  төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлүүдээр шалгасан юм. Хэрэв гэм буруутай үйлдэл нь шүүхээр тогтоогдвол  таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.

Ц.Болд нь нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэж үзэж байгаа юм.

Мөн тэрээр цас хайлуулах химийн бодисыг гаднаас гэрээгээр нийлүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгө төсвийн хөрөнгөөс гаргаж, тус хүмүүстэй хамтарч хуурамч баримт бүрдүүлж төсвийн хөрөнгөд 88 сая орчим төгрөгийн хохирол учруулсан, 61 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг бусадтай бүлэглэн завшиж, үрэгдүүлсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж