Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хуулийн төслийг боловсруулах шатанд жирийн сэтгүүлчдийн санал сэтгэгдлийг хэр сонссон. Мөн ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд нь улстөрч, бизнесмэнүүд байгаа. Энэ нь эргээд захиалгат сэтгүүл зүйгээр ард түмнийг төөрөгдүүлэх явдал гарч байгаа тул мэргэжлийн хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд ямар заалт оруулж өгөв” гэдэгт хариулт өгөхийг хүсэв.
Ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн М.Батчимэг “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эл хуулийн төслийг УИХ-д өргөн барих хүртэл өргөн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тухайлбал, Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Парламентын сэтгүүлчдийн холбоо, мөн сэтгүүлчдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн байр суурийг сонссон гээд бүх л шатныхны санаа бодлыг сонссон. Гол концепци нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахад зориулагдсан. Гэхдээ суурь хууль нь гэж ойлговол илүү нийцнэ. Энэ хүрээндээ хэвлэл мэдээллийн байгууллага нь хараат бус байх ёстой, түүнийгээ дагаад захиалгат сэтгүүл зүйд автахгүй байх ёстой. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагын хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчийг олон нийтэд нээлттэй зарлах ёстойг хуулийн төсөлд тодорхой заалтаар оруулж өгсөн” гэлээ.
Гэхдээ одоо үдийн цайны цаг болсон тул УИХ үдээс өмнөх хуралдаанаа завсарлуулаад байна. Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас эхлэх бөгөөд энэ үед дээрх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Сануулахад, УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.