Автозамын “хар цэг”-ийг тогтооно

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Автозамын “хар цэг”-ийг тогтооно

Хот хөдөөгийн зам харгуйн ашиглалтыг хариуцан ажилладаг авто зам арчлалтын компанийнхан өчигдөр салбарын яамны удирдлагуудтай уулзсан байна. Уулзалтад Зам тээврийн сайд А.Гансүх, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон нар оролцжээ. Хот хөдөөгийн зам арчлалтад хамгийн муугаар  нөлөөлдөг зүйл нь байгалийн давагдашгүй хүчин зүйл байдгийг зам арчлалтын компанийн удирдлагууд хэлээд замын засвар арчлалтын үнэлгээг нэмж өгөхийг хүсчээ. Мөн техник технологийн хүчин чадал, хүрэлцээ муу, хэт хоцрогдсон байдгийг тэд хэлж байна. Энэ жилийн хувьд зургаан аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбох бөгөөд 2016 он гэхэд бүх аймгийн төв холбогдсон байх болно гэдгийг салбарын яамныхан онцолжээ. Түүнчлэн зам арчлалтын ажлыг дүгнэхдээ тухайн орон нутгийн онцлогийг харгалзан үзэхээ амласан байна. Тухайлбал, хур тунадас их ордог газрын зам арчлалтыг говийн аймгийнхтай адилтгах аргагүй юм. Уулзалтад оролцсон 23 компанийн захирлууд ирэх сарын 15-ны дотор засвар авахгүй байгаа замын жагсаалтыг гаргах, осол зөрчил байнга гардаг автозамын “хар цэг”-ийг тогтоох, замын тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх саналаа өгөх үүргийг авсан байна.
 

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж