Ерөнхийлөгч Давосын чуулганд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Давосын чуулганд оролцож байна

Ерөнхийлөгч Давосын чуулганд оролцож байна
Жил бүрийн нэгдүгээр сард Альпийн цасанд дарагдсан нэгэн хотхонд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын халуухан өдрүүд үргэлжилдэг.

Швейцарийн Давос цанын хотхонд мягмар гаригийн орой эхэлсэн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Давост очоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш улс дахь төрийн айлчлалаа дуусгаад Швейцарийг зорьсон бөгөөд түүнтэй хамт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд болон бизнесийн төлөөлөгчид дагалдан яваа юм. Мөн Уул уурхайн сайд Б.Ганхуяг Монголоос өнөөдөр Давост очоод байна.

Дэлхийн эдийн засгийн чуулганы эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Коста Рикагийн ерөнхийлөгч Лаура Чинчиллатай уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр "Эдийн засаг нь хурдацтай өсөхийн сацуу ардчилалыг эрхэм хүндэтгэлтэйгээр хөгжүүлж байгаа нь тус улсын давуу тал болох"-ыг онцлоод  хоёр улсын хооронд өвөрмөц харилцаа байдгийг дурьдлаа. Тэрбээр мөн арав гаруй жилийн өмнө Коста Рикад очиж байснаа дурсч, Монгол Улс бусад улс оронтой Ардчиллын боловсролын хуримтлуулсан туршлагаа хуваалцах ойр дотно ард түмэн хэмээгээд хатагтай Лаура Чинчиллаг ирэх дөрөвдүгээр сард монголд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн хуралд урилаа. Харин хатагтай Чинчилла Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийнх нь хүсэлтийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монголын ард түмэнд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн мэнд уламжлав. Тэд хоёр орны нийгэм, улс төр, түүх, соёлын чиглэлээр халуун яриа өрнүүлж, хамтын ажиллагааны цаашдын зорилтын талаар санал солилцлоо гэж Давост ажиллаж буй манай тусгай сурвалжлагч мэдээллээ.

Ерөнхийлөгч мөн дөнгөж сая Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтаас бүтээж буй Хямралын эсрэг баримтат кинонд хориод минутын ярилцлага өгсөн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагч Клаус Швабын урилгаар гурав дахь удаагаа энэхүү чуулганд оролцож байгаа нь энэ юм.

Ерөнхийлөгч хөтөлбөрийн дагуу "ОХУ-ын Хөгжлийн чиг хандлага" салбар хуралдаанд оролцлоо. Хуралдаанд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев илтгэл тавьжээ. Одоо орон нутгийн цагаар 16.00 цагаас Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Шбавтай уулзах бол дараа нь Европын сэргээн босголт банкны төлөөлөгчидтэй уулзалт хийх ажээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад энэ удаа дэлхийн 100 гаруй орны 1400 байгууллагын 2500 гаруй улс төр, бизнес,  нийгэм, шинжлэх ухааны салбарын төлөөлөгч оролцохоор хуран цуглаад байгаа гэнэ. Чуулга уулзалтын зохион байгуулагчдын мэдэгдсэнээр чуулганд ирсэн төлөөлөгчдийн дунд 1600 гаруй бизнесмен, Засгийн газрын 45 тэргүүн байгаа аж.

Зургаан өдрийн турш үргэлжлэх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 250 гаруй уулзалт, семинар зохиогдох юм байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн очсон 2500 төлөөлөгчид дэлхийн эдийн засгийн хүчирхэг хүрдийг хэрхэн зөв залах, бизнесийн загваруудыг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэх гэнэ.

“Гамшгийн эсрэг хамтдаа”  хэмээх уриан дор явуулж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өмнө ерөнхий зохион байгуулагч  Клаус Шваб энэ чуулга уулзалтаас  ихээхэн үр дүн хүлээж буй хэмээн мэдэгдсэн байна.

“Гамшгийн эсрэг хамтдаа” хэмээх уриа ч мөн дэлхийн удирдагч нараас энэ удаагийн чуулга уулзалт ихээхэн шалтгаалахын баталгаа хэмээн тэрбээр ярьжээ. Давосын чуулга уулзалтын эхний өдөр ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев тусгай илтгэлээ тавьж, хар тивийн улс орны удирдагчид болох ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Якоб Зума, Нигерийн Ерөнхийлөгч Жонатан Гудлак, НҮБ-ын дээд комиссар Луиза Арбур нар Африкийн тулгамдсан асуудлаар мэтгэлцэх бол Италийн Ерөнхий сайд Давамгайллын эсрэг илтгэл тавьж, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард “Гамшгийн эсрэг хамтдаа” сэдвээр илтгэх ажээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн эдийн засгийн чуулганы үеэрх хэд хэдэн дэд чуулганд оролцож, үг хэлэх юм байна.

Н.ЭНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж