Мөнгөтэй бүхэнд өгдөг газраасаа хүүхдэд бас хайрлаач

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Мөнгөтэй бүхэнд өгдөг газраасаа хүүхдэд бас хайрлаач

Хүүхдэд зориулсан гэх бүх зүйл байхгүй болж байгаад олон хүн халаглаж суугаа энэ үед  Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тун таатай гэмээр нэг заалтыг багтаасан байх юм. Энэ нь “Эрдэм боловсролтой монгол хүн” гэсэн бүлэг. Энэ хүрээнд Хүүхэд залуучуудын ордон,  Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ном ордны барилгуудыг шинээр барих тухай тод тусгажээ. Магадгүй эрх баригчид 1947 онд ашиглалтад орсон Хүүхэлдэйн театрыг өчнөөн жилийн өмнө  баригдсан хэмээн анзаарсан учраас мастер төлөвлөгөөндөө энэ тухай шинээр тусгасан ч байж мэдэх.  Гэвч эл хөтөлбөр хэрэгжээд нэг жилийг ардаа үдчихээд байхад  хүүхдээр овоглосон театрын хувь заяа хаашаа эргэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй, газрын асуудал нь эрх мэдэлтнүүдийн толгойны өвчин болж буй. Тэр ч бүү хэл өмнөх эмгэнэлт түүхийг давтах вий гэсэн айдас олон хүнийг нөмөрч байна.  Хэрэв уншигчид санаж буй бол манай нэрт жүжигчин Цагааны Цэгмидийн санаачлагаар Хүүхэд залуучуудын театр сууриа тавьж байлаа. Тэгвэл одоо энэ театр татан буугдчихсан байгаа. Энэ хэргийн эзэн нь киноны найруулагч И.Нямгаваа. Тэрбээр саяхан Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээ аваад Америк руу буцсан гэж байгаа. Түүнийг энэ театрыг орвонгоор нь үгүй болгосныг харж тэвчилгүй бухимдаж байсан олон хүн бий. Тэр хүмүүсийн нэг нь төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар бөгөөд “Манай  аавын  байгуулсан теат­рыг устгачихлаа” гэж байсныг монголчууд мартаагүй. Тэгвэл одоо Хүүхэд залуучуудын театр, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын ордоноо сэргээе, босгоё хэмээн төр засгийн зүгээс энэ асуудалд анхаарч  байгаа нь сайн ч чухам хаана хэзээ барих вэ гэдэг нь бас л ойлгомжгүй.

Санаснаар болдог бол хотын төвд хүүхдийн паркаа бараадаад буучихвал сайн л байна. Яагаад гэвэл “Цогц” гэдэг нэг аятайхан үг чихэнд таатай сонсогдоод байгаа юм. Цогцолбор болгоод Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын ордныг хотын төвд баривал хүүхдийн аюулгүй байдлаас авахуулаад хэрэгтэй л дээ. Гэтэл манайхан хүүхэд, залуучууддаа театр, номын сангийн барьж өгчих сөөм газраа хувийн эмнэлэг, дэлгүүр, банкинд өгөөд л сууж байна. Ер нь ч тэгээд хүүхдийн гэсэн тодотголтой бүхний хувь заяа хэрхэн, хаашаа эргэж буй түүхийг бид эргэн санахад илүүдэхгүй байх. Тухайлбал, нийслэлийн өмчлөлд байсан хотын төвд байрлалтай номын сангуудын нэг Горькийн номын сан. Үүнийг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр нурах болсон барилгад дансалж хааснаар хувь заяа нь одоо болтол шийдэгдээгүй л байна. 

ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН ТҮРЭЭСЭНДЭЭ 1.3 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛЖЭЭ

Хуучнаар Гадаад явдлын яамны зүүнтэй “Номтой нөхөрлье” гэсэн том бичигтэй хоёр давхар шовгор байшинд Хүүхдийн номын сан он удаан жил байсан. Хөрөнгө мөнгөтэй томоохон банк булааж авснаас хойш Хүүхдийн номын сан  Соёлын төв өргөөг бараадсныг олон хүн мэднэ. Тэгээд яаж зүгээр байх вэ, нэрээ сольсон. Тэр нь  Хүүхдийн номын ордон. Ордон нь 2003 оны тавдугаар сарын 9-нд Улсын төв номын сан /одоо Үндэсний номын сан/-гийн харьяанд салбар номын сангийн үүрэгтэй болсноос  хойш арван жилийн нүүрийг үзэж байгаа ажээ.

Энэ хугацаанд энэ номын сан их олон зүйл үзсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2004 онд Засгийн газрын тэргүүн байхдаа “Хүүхдийн номын сангийн талаар авах арга хэмжээний тухай” 196 дугаар тогтоолыг гаргаж бие даасан номын сан болгон өргөжүүлсэн байна. Тэгтэл тус номын сан нь одоо бие даасан барилга байгууламжгүй Соёлын төв өргөөний “Б” корпуст байрлан түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

Ингэж л Хүүхдийн номын ордон 10 гаруй жил айлын хаяа бараадаж иржээ. Соёлын төв өргөө нь нийслэлийн өмчийн барилга байгууламж бөгөөд Хүүхдийн номын ордон нь сүүлийн 10 жилийн түрээсийн төлбөрт 1 тэрбум 380 мянган төгрөгийг төлөөд байгаа аж. Гэтэл энэ жилээс эхлээд түрээс нь хоёр дахин нэмэгдсэн байх юм. Өнөөдөр “Хүүхдийн номын ордон”-ы шинэ байрны асуудал яригдаж байгаа ч газрыг нь шийдвэрлээгүй сууж байна. Төр юмаа мэдэж байгаа  хойно газрын асуудлыг шийдээд  Хүүхдийн номын ордны шинэ байрыг барьж өглөө гэхэд хаана ямар цогц бодлогын хүрээнд барих нь эргэлзээг төрүүлээд байна.

Хотын төвөөс зайдуу барилгын ажлын эхлүүлбэл амтай бүхэн л нэг юм хэлэх байх. Эсвэл хуучин байсан байрын эргүүлж өгөх үү. Уг нь энэ байрлал нь хамгийн зөв сонголттой газар байсан. Өнөө үед шатахуун, автобусны үнэ нэмэгдэж байгаа нь хэл ам таталж байхад Хүүхдийн номын ордон, Хүүхэлдэйн театр хоёрыг Яармагт юм уу, Таван буудалд уу гээд хот төлөвлөлтөндөө оруулчихвал хэн ч зорьж очихгүй хөндий савнууд болох нь мэдээж.

Хэдий болтол арав арван жилийн дараа нэг тэрбум, хоёр тэрбум бүр өсөөд арван тэрбум гэж түрээсийн төлбөрийг төр үүрэх билээ.  Тиймээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны  хөтөлбөрт  Монголын цогц бодлогод орсон  “Мэдлэгт суурилсан эдийн засаг”-ыг бий болгоход хүүхэд залууст орчин үеийн шийдэлтэй номын сан зайлшгүй хэрэгцээтэй байгаа харгалзан үзэх цаг ч ирснийг хэлээд байх шиг.

Монголын хүүхэд багачууд чөлөөт цагаа өнгөрөөх, номын үнэ цэнийг багаасаа мэдрэх, номыг хайрлах ухаанд суралцах замаар эрдэм боловсролтой бүтээлч, зөв монгол хүн болон төлөвших төв бол Хүүхдийн номын ордон гэдгийг Монгол  Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2004 онд  “Хүүхдийн номын сангийн талаар авах арга хэмжээний тухай” 196 дугаар тогтоол гаргахдаа бичсэн байж таарна. Ерөнхийлөгчийн зарлигт жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэхээр тогтсон нь одоо ч хэн бүхний сэтгэлд илхэн буй.

Хэрвээ бид нийслэлдээ Хүүхдийн номын сангийн шинэ өргөөг босговол хүүхэд залуус уншлагын үйлчилгээнээс гадна онлайн үйлчилгээ авах боломж нэмэгдэх бөгөөд өдөрт ирэх хүүхэд залуусын тоо ч өсөх нь мэдээж.  Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст зориулсан уншлагын танхимаар үйлчилж болох нөхцөл боломжоор бүрдэх нь дамжиггүй.

Хүүхдийн номын ордны захиргаа аж ахуйн хэлтсийн дарга С.Тунгалагтай уулзахад, “Манай ордон Соёлын төв өргөөнд түрээс гэж жилд 198 сая төгрөг өгдөг. Байр багтаамжийн хувьд бага. 2300 метр квадрат талбайд үйл ажиллагаагаа явуулдаг. Уншигч ихтэй. Найман уншлагын танхим нэг фондтой. Номын фондоо 34000 номтой. Тогтмол хэвлэл нэгтгэн хадгалдаг фондоос гадна хүүхдийн номыг архивлах хэрэгтэй жил ирэх бүр шинэ ном нэмэгдэж байдаг болохоор шинээр ирж байгаа номуудаа яах вэ гэх асуудал тулгарч байна. Шинэ номын багтаамжаар авч үзэхэд фонд хамгийн хэрэгтэй байдаг. 0-3, 4-6, 6-с дээш гэж нарийвчлан хүүхдийн насанд тохирсон  танхимтай болно гэхэд шинээр зохион байгуулах байр хангалтгүй байдаг” гэж байлаа. Мөн тэрбээр “1996-2000 онд жилд 250-300 уншигч байсан бол одоо хүн ихтэй үед өдөрт 180-200 уншигч ирж, заалны хүрэлцээ хангалтгүй байдаг. Сандал ширээ уншлагын танхим хүрэлцдэггүй. Хүүхдийн заал, соёлын заал байдаггүй. Томоохон арга хэмжээ болох үед уншигчдын заалныхаа ширээ сандалыг нааш цааш зөөж 10 жил ингэж ирсэн. Тэгээд ч бүх арга хэмжээ уншлагын танхимд болдог. 0-10 насныхан “Үл мэдэхийн танхим”-д эцэг эхтэйгээ ирдэг. Эцэг эхийн хүлээлгийн танхим гэж байдаггүй. 0-3 насны тусгай танхимтай байвал сайн байна. Үнэхээр түрээсийн байранд ажил явуулахад хүндэрэлтэй. Өрөө тасалгаа заал танхим хүйтэн байдаг. Өнөөдөр гэхэд л “Үл мэдэхийн танхим” халаалт муугаас хүүхэд авч чадахгүй байна гэсэн. Үнэхээр ч Соёлын төв өргөө 20 жил болж байгаа дулааны шугамтай юм байна. Гэвч ачаалал нэмэгдсээр 2012 онд гэхэд  70 гаруй мянган ирцэд 120 мянган номоор үйлчилсэн. Жил ирэх бүр уншигчдийн тоо нэмэгдэж байдаг. Хүүхдийн номын ордныг дэлхийн нийтийн жишгээр хүүхэд аль ч дүүргээс ирэхэд боломжтой хотын төвд аюулгүй орчинд барих шаардлагатай” гэв.

Мөн энэ үеэр тус номын санд ном уншиж суусан кино зохиолч, судлаач  Дү.Мягмарсүрэнтэй уулзахад “Хүүхдийн номын ордон Соёлын төв өргөөнд түрээсээр байрлаж байгаа нь бэрхшээлтэй. Би энэ номын сангаар 10 гаруй жил үйлчлүүлж байна. Тухайлбал, түрээс нь өндөр дээр нь халаалт сайн биш. Зарим үед цахилгааныг нь хүртэл тасалдаг. Зарим өрөө нь байнга хүйтэн. Хүүхдийн номын ордныг шинэ байртай болгох талаар санал санаачлага гарч байгааг дэмжинэ. Дэлхий алдарт “өвгөн” номын сангууд сүрлэг сайхнаараа байхад манайд тийм зүйл алга. Түүнчлэн Улсын төв номын сангийн шинэ байрыг барихаар авсан газрыг Америкийн элчин сайдын ойролцоо авсан ч тухайн үед ажиллаж байсан  дарга Г.Аким зураг төслийг нь гаргахгүй байсаар одоо баригдана гэдэг үлгэр болж үлдэх шиг боллоо. Горькийн номын санг засаад байсныг хараад овоо гэж байтал алга болсон. Бид чинь кино театр, номын сангуудаа зэрэг устгасан. Кино театраас “Өргөө”, “Тэнгис”, “Соёмбо” гурав л үлдэж. Мөн “Жонон” хувийн кино театр байх шиг байна. Аймгийн төв, хот болгон номын сан, кино театруудтай байсан сайхан цаг үгүйлэгдэж байна. Одоо Дархан, Эрдэнэд театр нэртэйгээр Соёлын төвд нь кино гаргаж байна. Энэ нь зориулалтын биш. Кино урлаг хөгжих тал руугаа орчихлоо. Кино театр шинээр байгуулж, “Хүүхдийн номын ордон”-ы шинэ байртай болгох зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.

Г.ГАНБОЛД

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж