Лех Валенса: Шударга ёсыг тогтоох ажлууд чухал юм

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Лех Валенса: Шударга ёсыг тогтоох ажлууд чухал юм

Монгол
Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНПУ-д хийсэн айлчлалынхаа
хүрээнд тус улсын Ерөнхийлөгчөөр 1990-1995 онд ажиллаж байсан, 1983 оны
Нобелийн Энхтайваны шагналт, Польшийн ардчилсан хувьсгалын нэрт
удирдагч, удаа дараагийн эрх чөлөөний хөдөлөгөөнийг удирдаж байсан Лех
Валенсаг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж хэлэхдээ “БНПУ-д хийж буй айлчлалын хүрээнд “Эв санааны
нэгдэл” чөлөөт үйлдвэрчний эвлэлийн домогт удирдагч тантай дахин уулзаж
байгаадаа баяртай байна. Бид Монголд ардчиллыг бэхжүүлэх, хоёр орны
харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал тавьж,
тусалж дэмжиж ирсэнд талархаж байдаг. Хуучин социалист тогтолцооны
орнуудаас ардчиллыг Европ, Азид анхлан тогтоосон орнуудын хувьд Монгол,
Польшийн харилцаа нь харьцангуй өвөрмөц, ойр дотно юм. 

Аливаа
нийгэм өөр өөрийн гэсэн чирэгч хүчтэй байдаг. Социализмын үед тийм
чирэгч хүч нь үзэл суртал байлаа. Харин Монгол, Польш шиг өөр өөрийн бүс
нутагтаа ардчиллыг эхлүүлсэн орны хувьд хамгийн чухал үнэт зүйл нь
хууль ёс, шударга ёсыг тогтоох явдал юм. Чөлөөт нийгэм сүүдрээ
нуудаггүй. Түүний хамгийн гол хэсэг нь хууль, эрх зүйн муу дүрэм журмыг
халж иргэнийхээ эрх, эрх чөлөө, тэгш эрхийг хангасан тийм хэм хэмжээг
тогтооход байдаг. Монгол Улсын хувьд бид аль хэдийнэ үнэт зүйлээ олсон.
Харин тэрхүү үнэт зүйлээ хэрхэн амьдралд хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хүн
бүр өөр өөрийн байр суурьтай байдаг. Польш бол Европын эрх чөлөөний
ногоон арал гэж би боддог. Монгол орны тухайд бид өөрсдийн ардчиллын
ололт амжилтаас бусдад заах сургах бус, харин хуваалцах сайн туршлагууд
бий болж байна” гэлээ.

Лех Валенса хариу хэлэхдээ “Бид ирээдүйн
нэгдсэн Европын талаар маш их анхаарлаа хандуулдаг. Ер нь Европын улс
орон ямар байх ёстой вэ гэж. Өдгөө дэлхий дахины тал нь ардчилсан
тогтолцоо, зарим хэсэг нь өөр тогтолцооны тухай ярьж байна. Энэ үед
бидний хувьд нэгдсэн Европын үзэл санааг дэмжиж байгаа. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн хувиар манай улсад зочлон ирсэнд тань би туйлын баяртай
байна. Тантай дахин уулзах нь надад маш дотно сэтгэгдэл төрүүлж байна”
гээд Монгол Улс дахь ардчиллын явц, хувийн өмч, иргэдийн эрх, эрх
чөлөөний талаар ярилцав.

Мөн Лех Валенса цааш өгүүлэхдээ “Таны
хэлдэгчлэн чөлөөт нийгэм сүүдрээ нуудаггүй гэдэг нь үнэн. Ардчилалд
ололт амжилт их байгаа ч бас засч залруулах ёстой олон зүйл бий.
Ардчилал бол хэзээ ч дуусдаггүй, байнга анхаарал халамж шаарддаг үйл явц
гэдэг таны байр суурийг би дэмждэг. Олон ургалч үзэл нь ардчилал дээр л
тогтож байдаг. Миний хувьд ардчиллын талаардараах гурван итгэл үнэмшил
тогтсон. Үнэхээр сайн амжилт олсон ардчилал бол нэгдүгээрт, хүн бүр тэгш
эрхтэй, эрх чөлөөтэй байх ёстой. Хоёрт, сонгох сонгогдох эрхээ чөлөөтэй
эдэлж, энэ эрхээ баталгаажуулсан байх учиртай. Гуравт, нийт иргэд нь
эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй, нийгмийн баялгаас шударгаар хүртдэг
байх ёстой.

Манай улсын хувьд энэ гурван боломжийн эхний хоёр
дээр тодорхой амжилт гаргасан нь цаашид ч илүү их ажиллах ёстойг харуулж
байна. Монголын хувьд нийгмийн нэг тогтолцооноос шинэ тогтолцоонд энх
тайвнаар шилжиж чадсан нь гайхалтай. Ялангуяа Монголд сүүлийн жилүүдэд
бий болж байгаа эдийн засгийн өсөлт, авлигыг бууруулах, шударга ёсыг
тогтоох чиглэлд хийж байгаа ажлууд, амжилт ололт маш чухал юм” гэв.

Ийнхүү
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Нобелийн Энхтайваны
шагналт Лех Валенса нар Монголын түүх, нийгмийн асуудлаар өргөн хүрээнд
ярилцаж санал солилцов. Уулзалтын төгсгөлд БНПУ-ын Ерөнхийлөгч асан Лех
Валенса “Монголын тулгар төрийн 2222 жилийн ой тохиож буйд баяр хүргээд
чөлөөт нийгмийн төлөө, ардчилсан үнэт зүйлийн төлөө 20 гаруй жилийн
туршид  тэмцэж ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Танд баяр хүргэе, Монгол
Улс улам бүр ардчиллын үр шимийг хүртсээр байна гэдэгт итгэлтэй байна”
гэснээр уулзалт өндөрлөв.  

Ц.Элбэгдорж: Польшийн ард түмний гавьяа бол нэн шинэ түүх

Ерөнхийлөгч Польшид ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзав

Бүгд
Найрамдах Польш улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн Элбэгдорж тус улсад ажиллаж амьдарч, сурч буй иргэдтэйгээ
уулзав.

Польш Улсад одоогоор 1000 гаруй монгол иргэн аж төрж
байгаагийн 300 шахам нь уламжлалт анагаахын чиглэлээр ажиллаж буй эмч
нар юм. Мөн тус улсад Монголоос 200 гаруй оюутан их, дээд сургуульд
суралцаж байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч
хэлэхдээ “Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг
хүсэн ерөөж мэндчилье.Монголын онгоц анх удаа Варшавт газардаж, бид
олуулаа ирлээ. Монгол, Польш улсууд түүхэн холбоотой. Анх найман зууны
тэртээд 1241 оны тавдугаар сарын 9-нд Лигницэд монгол, польшууд нүүр
учирч байсан. Энэ бол эндэх газар нутаг дээр болсон томоохон цэргийн
урлаг шаардсан тулалдааны нэг байсан гэдэг. Үүнээс хойш польшчууд
монголчуудыг мэддэг болсон. Хожим түүх улиран өнгөрч 1950 онд хоёр улсын
хооронд дипломат харилцаа тогтоож,хоёр улсын харилцаа,хамтын ажиллагаа
шинэ шатанд гарсан юм.

Миний хувьд төдийгүй манай нөхдийн хувьд
дурсгалтай сайхан зүйл бол 1989 оны сүүлээр Монголд Ардчилсан хөдөлгөөн
өрнөж, тэнд оролцож явахадПольшид өрнөсөн ардчилал, эрх чөлөөний төлөөх
хөдөлгөөнийхөнтэй холбоо тогтоохыг үргэлж эрмэлздэг байсан. Ер нь
Польшийн ард түмний байгуулсан гайхамшигтай гавъяа бол хүн төрөлхтний
нэн шинэ түүх, ХХ зууны түүхийг өөрчлөхөд хамгийн их хувь нэмэр оруулсан
ард түмэн юм. Хүн эрх чөлөөтэй, сайн сайхан амьдрах боломжийг дэлхийн
бөмбөрцгийн нэгэн хагаст олгох үйлсийг эхлүүлсэн, цуцалтгүй тэмцэж ирсэн
ард түмэн бол Польшийн ард түмэн. Ийм учраас бид үнэт зүйл, зүрх
сэтгэлээрээ холбоотой ард түмнүүд юм” гээд Монгол, Польшийн харилцааны
талаар дэлгэрэнгүй ярилаа. Ерөнхийлөгч хэлэхдээ “Цаашид хоёр улсын
хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт илүү түлхүү хамтран
ажиллаж, оюутны тэтгэлэт хөтөлбөрүүдийг өргөжүүлэх ёстой” гэлээ.

Дараа
нь Ерөнхийлөгч Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн
байдал хийгээд сүүлийн үед өрнөсөн нөхцөл байдлын талаар иргэдтэйгээ
ярилцаж санал солилцов. Польшид амьдарч байгаа монгол иргэд
Ерөнхийлөгчийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор
уриалсан Монголчууд “Олуулаа болъё” уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлээд
гадаадад мэндэлж буй хүүхдүүдийн хоёрдмол харъяалал, гадаадад ажиллаж
байгаа судлаач эрдэмтдийн оюуны өмчийг баталгаажуулахтай холбогдсон
асуудал, Монгол Улсад Польшийн ЭСЯ байгуулах эсэх талаар, гадаадад
амьдарч буй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудал, оюутны тэтгэлгийн
асуудал, Оюутолгойн гэрээний талаар болон Монголчууд соёлын өвөө хайрлан
хамгаалах, өвлүүлэх, залуу үедээ таниулан сурталчлах зэрэг олон
асуудлаар Ерөнхийлөчөөс асуулт асууж хариулт авлаа.

Уулзалтын
үеэр Ерөнхийлөгч, Монгол Улс иргэдээ “гаргадаг” газар байсан бол одоо
“ирүүлдэг” газар болно. Монгол хүн нэг нэгнээ дэмжих ёстой, Монгол Улс
мөнгөний зовлонгүй болсон, бид олуулаа болохын тулд хамгийн түрүүнд
монголиргэд маань эрүүл саруул орчинд, хүүхүүд нь цэцэрлэг сургуультай,
төрөх насны эмэгтэйчүүд нь нийгмийн болон ажил олгогчийн зүгээс дарамт
шахалтгүй байж нийгмийн асуудлуудаа бүрэн шийдвэрлүүлэх ёстой гэлээ. Мөн
Ерөнхийлөгч энэ үеэр эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог тууштай дэмжиж
ирсэн, цаашид ч дэмжих болно гэдэгээ илэрхийлсэн юм.

УулзалтадУИХ-ын
гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын дэд сайд Э.Тамир, Барилга, хот байгуулалтын дэд сайд
Г.Байгалмаа  нар оролцож мэдээлэл хийсэн юм.

Ерөнхийлөгч Польшийн сонинуудад ярилцлага өгөв

Польш
улсад ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа монгол иргэдтэйгээ
уллзсаны дараа Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус улсын “Дженник газета
правна”, “Жечпосполита” сонинуудад ярилцлага өгч Монгол Улсын нийгэм,
эдийн засаг, улс төрийн байдлын талаар болон ардчиллыг төгөлдөржүүлэх
үйл явцын тухай дэлгэрэнгүй ярилцлага өгөв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж