Гадны оюутнуудыг хөдөлгөөнт баялаг гэж үзэх болжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Гадны оюутнуудыг хөдөлгөөнт баялаг гэж үзэх болжээ

Дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог АНУ-ын их сургуулиудад суралцахыг хүссэн залуусын хүсэл мөрөөдөл  тус улсын цагаачлалтай тэмцэгчид сайн ажиллаж байгаагийн “ач”-аар унтарч замхрахад хүрч байна. 2000 онд Америкт сурч байсан гадаад оюутны тоо нийт оюутнуудын 23 хувийг эзлэж байсан бол 2009 онд 18 хувь болж буурчээ. 2000 онд MBA /бизнесийн удирдлагын мастер/ хамгаалсан хүмүүсийн 66 хувь нь Америкт MBA хийсэн бол 2011 онд 44 хувь болтлоо буурсан байна. Төгсөгчдөд хамгийн том саад болдог зүйл нь сургуулиа төгссөний дараа ажиллах виз олж авах асуудал юм. Ногоон карт авахаар 10 жил хүлээсэн өндөр ур чадвартай гадаад ажилчид АНУ-д зөндөө байдаг ажээ.

Ерөнхийлөгч Барак Обама цагаачлалын асуудлыг шийднэ гэж ярьж байх хооронд олон мянган чадварлаг ажилчид Америкаас хөөгдөж байна. Шинээр бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг Кауфман сангийн гаргасан судалгаагаар 2005 оноос хойш Силикон Валлий /Сан Франциско дахь дэлхийн хамгийн том технологийн компаниуд болон шинэ бизнесүүд байрладаг бүс/ дахь шинээр бизнес эхлүүлэгчдийн 52 хувь нь цагаач иргэд байсан бол одоо 44 хувь болж буурсан байна.   

Цагаач иргэдийн асуудлаар Их Британи улс АНУ-аас илүү хатуу бодлого баримталдаг. Консерватив нам засгийн эрхийг гартаа авангуутаа 2015 он гэхэд цагаачлалыг 250 мянгаас 100 мянга болгоно гэж амласан. Британийн хилийг давж байгаа Европын холбооны иргэд эсвэл Британийг орхиж байгаа иргэдийн тоон дээр ямар ч хяналт тавьдаггүй атлаа Европын холбооны гишүүн биш орны оюутнуудыг илүүтэй шахаж, хавчдаг байна.

Оюутнуудад хаяглаагүй ч  виз мэдүүлэх, виз даруулах явцыг маш бэрх болгосны дээр гадны харъяалалтай төгсөгчдөд ажиллах виз олгохдоо тун хойрго болжээ. Урьд нь Их Британид их сургууль төгсөгчид тэндээ хоёр жил ажиллах боломжтой байсан  бол одоо тэд спонсорлох компани олохын дээр жилийн 20 мянган фунтийн ажилтай болж гэмээнэ сая виз авах эрх нь нээгдэнэ. Эс чадвал тус улсаас хөөгдөнө. Энэ шийдвэр бизнесээ шинээр эхлэсэн болон жижиг компаниудад маш хүндээр тусч буй ажээ. Томоохон компаниуд хүртэл гадаад хүн ажилд авахдаа тээнэгэлзэхэд хүрч байна. Оюутнууд ч суралцах хугацаандаа гэр бүлийнхнээ /эхнэр,нөхөр, хүүхдээ/ аваачихад улам хүнд болсоор. 

Муу мэдээ хурдан тархдаг гэдэг. Лондонд очмогцоо долоо хоногийн дотор аль нэг цагдаагийн хэлтэст бүртгүүлж байж визтэйгээ үлддэг болсон шинэ журмаас болж шөнөөр хүртэл дугаарлаж байгаа гадаад оюутнуудын дүр зураг дээрх улс орнууд  боловсролын асуудалдаа анхаарах болсныг харуулж буй юм. Америк, Британид сурахыг хүсдэг Азийн оюутнууд  тэднийг таатай хүлээж авахгүй гэдгийг мэдэрснээ  өөрсдийн блогтоо бичиж байна.

Британийн бизнесийн сургуулиудын MBA-ийн чансаа өнгөрсөн онд 11 хувиар буурсан ”the Economist” жагсаалт гаргажээ.

Энэ нь үндсэн гурван шалтгаан гэнэ. Нэгдүгээрт, боловсрол бол нэн өгөөжтэй экспорт. Гадны оюутнууд их төлбөр төлдөг, ном авч бас үдэшлэгүүдэд мөнгө, цагаа үрдэг. Хоёрдугаарт, тухайн улсын залуус гадаад оюутнуудтай холилдож сурвал глобалчлагдаж байгаа дэлхийг ойлгох, ажил дээр гараад илүү мэдлэгтэй болоход нь нөлөөлдөг. Эцэст нь гадны оюутнууд их сургуульд суралцсан улс оронтойгоо насан туршдаа холбоо харилцаатай байдаг.  Тэд эх орондоо очоод бизнес хийхдээ ихэвчлэн сурч байсан болон ажиллаж байсан оронтойгоо худалдаа хийж, хамтарч ажилладаг байна. Гадны оюутнуудыг хааж боох нь экспортын ямар ч төрлийг хаахаас илүү хортой юм гэж ”the Economist”-т дурджээ.


Ур чадварын төлөөх дайнд яаж ялагддаг вэ?

Америк, Британийн голсон гадны оюутнуудын тархи, ур чадварыг бусад орнууд дуртайяа хүлээн авдаг. Австрали л гэхэд гадны оюутнуудад тавих шаардлага, нөхцөлөө бууруулж, таатай хүлээж авдаг болж. Харин Канад тэнд сурсан хүмүүст төгссөнийхөө дараа гурван жил ямар ч хязгаарлалтгүйгээр ажиллах боломж олгосон. Энэ хоёр улсад гадаад оюутны эзлэх хувь 2000 онд тав байсан бол 2009 онд 12 хувь болж өссөн ба цаашид ч өсөх хандлага ажиглагджээ.  

Европын олон сургууль хичээлээ англи хэл дээр явуулдаг болж Америкаас хямд MBA санал болгож эхлэж байна. Ази, өмнөд Америкт стандартууд маш хурдан ахиж байна. Бизнесийн удирдлагын зэргийг чанарыг баталгаажуулдаг Британийн байгууллага 10 жилийн өмнө нэг ч Хятадын их сургуулийн MBA-г хүлээн зөвшөөрдөггүй байсан бол тус улсын 20 сургуулийг, тэр дундаа сүүлийн зургаан сард таван сургуулийг хүлээн зөвшөөрчээ.   Дэлхий нийтээрээ гадны оюутнуудыг хөдөлгөөнт авьяас, ур чадвар, баялаг хэмээн үзэж тэрхүү баялгийн төлөө өрсөлдөөнд ороод байна. Харин энэ өрсөлдөөнд ороогүй нь алддаг.

Эх сурвалж www.economist.com
 

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж