Холливуд дахь жендэрийн асуудал

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Холливуд дахь жендэрийн асуудал

Холливудын ертөнцөд өнгөрөгч 2012 онд мэндэлсэн 250 гаруй киноны найруулагчдын ердөө есөн хувь нь эмэгтэй найруулагч байгааг судалгаагаар тогтоожээ. Хэдийгээр маш доогуур үзүүлэлт боловч 2011 оны үзүүлэлтээс дөрвөн хувиар өссөн гэдгийг Дэлгэц, телевизийн кино салбар дахь эмэгтэйчүүдийн судалгааны төвөөс мэдэгдсэн байна.

Кино урлагийн салбарт ажиллаж буй арын албаныхан, тодруулбал, найруулагч, ерөнхий продюсер, кино зохиолч, зураглаач, хянан найруулагч нарын 18 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэнэ. Ингэхдээ эмэгтэйчүүд баримтат кино, уянгын драм болон энимейшн төрлөөр ажиллах илүү сонирхолтой байдаг нь судалгаанаас харагджээ.

Эмэгтэй продюсеруудын хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 25 хувийг эзэлж байсан, өдгөө ч хэвээр байгаа бол эмэгтэй зохиолчдын тоо 15 хувиар өсчээ. Хянан найруулагчдын хувьд 1998-2012 оны хооронд тогтмол 20-21 хувьтай, харин зураглаачдын тоо 2-4 хувиар өсчээ. Энэ мэтчилэн Холливудын ертөнцөд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй бага байгааг тэд онцолжээ. Энэ жилийн Оскар наадамд л гэхэд шилдэг найруулагчийн шагналд эмэгтэй хүн нэр дэвшээгүй билээ.

Э.АНХТУЯА  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж