УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр нар иргэдийн хувийн мэдээллийг нууцын жагсаалтаас гаргах нь иргэдийн хувийн мэдээллээ нууцлах тухай хуульд заасан эрхийг зөрчиж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, иргэдийн хувийн мэдээллийг нууцын жагсаалтаас гарган нууц биш болгосноор Монгол Улсын иргэдийн мэдээллийг гадны байгууллагууд авч ашиглавал яах вэ гэсэн асуудал ч тавьж байлаа. Тэр байтугай банкны гүйлгээ, гар утасны төлбөр, ураг төрлийн мэдээлэл, эрүүл мэндийн байдлын талаарх мэдээлэл ч нийтэд ил болох болно гэж эмзэглэж буйгаа хэлж байлаа.
Харин хуулийн төслийг Засгийн газар зөвхөн төрийн хүнд суртлыг арилган, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилготой өргөн барьсан хэмээн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тайлбарлав. Иргэдийн овог нэр, оршин суугаа хаяг, шилжилт хөдөлгөөн, овог сольсон, сэргээсэн, нас барсан гэх мэт мэдээллүүдийг нууцын жагсаалтаас гаргах бөгөөд хурууны хээ, гадаадын харьяат болсон, харьяатаа сэргээсэн зэрэг мэдээлэл нууцад хэвээрээ үлдэнэ. Мөн мэдээллийг Төрийн нууцын жагсаалтаас гаргаснаар нийтэд ил болгоно гэсэн үг биш гэж тэрбээр нэмж хэлсэн. Төрийн байгууллагууд өөр өөрийн чиглэлээр мэдээлэл, лавлагаандаа ашиглах учиртай гэлээ.
Хувь хүний эрүүл мэндийн тухай, банк санхүүгийн гүйлгээ, эд хөрөнгө, утасны төлбөр, эмчилгээний түүх зэрэг мэдээллийг нууцын жагсаалтаас гаргах тухай заалт уг хуулийн төсөлд байхгүй гэдгийг Ч.Сайханбилэг сайд албан ёсоор мэдэгдлээ.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн байгууллагууд өөр өөрийн чиглэлээр иргэдийн мэдээллийг цуглуулан мэдээллийн сантай болсон байдаг аж. Нийгмийн даатгалын газар иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай холбоотой, Цагдаагийн газарт гэмт хэрэгт холбогдож байсан эсэх гэх зэргээр өөр өөрийн мэдээллийн сантай болжээ. Иргэний бүртгэлийн болоод төрийн бусад байгууллагуудын мэдээллийг нэгтгэн нэгдсэн бүртгэлийн системтэй болгон үүнийгээ Үндэсний дата төв дээр байршуулан, ТЕГ-ын хяналтын дор ашиглах талаар тусгаад байгаа ажээ. Ингэснээр иргэд нэг цонхноос өөртэй холбоотой бүхий л мэдээллийг авч болохоос гадна, төрийн байгууллагууд иргэдийг тийм, ийм газрын лавлагаа, тодорхойлолт авчир гэж чирэгдүүлэхгүй нэгдсэн сүлжээнээс уг хүний талаарх лавлагааг авдаг давуу талтай болох гэнэ.
Сайд Ч.Сайханбилэг, “Улаанбаатар хотын гэр хороололд байгаа хоёр давхар нэг байшин л гэхэд таван өөр бүртгэлтэй байгаа. Засаг захиргааны бүртгэлд нэг өөр, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын бүртгэлд тийм координатын тийм цэгт байгаа гэсэн бүртгэлтэй байдаг. Түүнчлэн хотод нэг, иргэний бүртгэлд нэг өөр гэх мэт таван янзаар бүртгэсэн байдаг. Энэ таван газрын мэдээллийг нэгтгэн нэг санд оруулья гэж байгаа юм” гэж жишээ аван тайлбарлаж байлаа.
УИХ-ын гишүүн М.Батчимэг энэ асуудлыг Төрийн нууцын жагсаалтаас хасах замаар биш, Төрийн нууцын тухай хуулиар зохицуулах боломжтой гэсэн байр сууриа илэрхийлсэн.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Хувь хүний нууцыг хасах биш харин ч нэмэх хэрэгтэй байсан. Энэ нь Үндэсний аюулгүй байдалтай хэр нийцэж байгаа болоод холбогдох байгууллагаас мэдээлэл авах хэрэгтэй байна. Тэгэхээр зарчмын хувьд энэ асуудлыг цогцоор нь оруулж ирж байж хэлэлцэх ёстой. Тиймээс манай бүлэг завсарлагаа авч байна” гэснээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.