эмэгтэйчүүд биеэ үнэлэх, стриптиз үзүүлэхээс өөр аргагүй болжээ. Тэд
толгой хоргодох байрныхаа хөлсийг төлөх, хүүхдүүдээ тэжээхийн тулд ийм
ажил хийх нь ихэссэн байна.
Тус улсад он гарснаас хойш бэлбэсэн эцэг, эхийн тэтгэмжийг бууруулсан
юм. Төсвөөсөө 728 сая австрали доллар хэмнэх зорилгоор гаргасан уг
журмаас болж ганц бие эцэг эхчүүд сар бүрийн тэтгэмжээсээ 60-100 доллар
алдахад хүрчээ. Тиймээс өдгөө тус улсад өрх толгойлсон эмэгтэйчүүд
ядуурлын ирмэгт ирээд байна. 728 сая австрали доллар нь манайхаар
нэг их наяд гаруй төгрөг юм.
Брисбен хотын биеэ үнэлэх газрын ажилтан бүсгүйн ярьснаар өрх
толгойлсон эмэгтэйчүүдэд олгодог нийгмийн халамжийг бууруулснаас
хойш ажил хайж ирсэн бүсгүйчүүд эрс нэмэгдсэн гэнэ. Тэрбээр ийм 20
бүсгүйтэй учирсан аж. Нэрээ нууцлахыг хүссэн ажилтан эмэгтэй “Тэд Зул
сарын баяраар хүүхдүүддээ авсан бэлэгнийхээ өрийг төлөх, тэднийгээ
цаашид сургах зорилгоор нэмэлт ажил сураглаж ирдэг” гэжээ. Түүнчлэн тус
биеэ үнэлэх газарт эмэгтэйчүүд найман цагаар ээлжилж ажилладаг бөгөөд
3-5 үйлчлүүлэгч авч, сард мянгаад австрали доллар олдог гэнэ.
Харин Мельбурнийн нэгэн цэнгээний газрын ажилтны өгүүлснээр
нийгмийн халамжийг бууруулсны дараахан өрх толгойлсон эмэгтэйчүүд
тайчих урлаг үзүүлдэг клубт ажил хайж ирдэг болсон байна. Тэрбээр
“Магадгүй тэд секс бизнесээс илүү тайчих урлагийг мөнгө олох хамгийн
боломжтой арга гэж үздэг байх” хэмээжээ. Хөөрхий эхчүүд байр,
хоолныхоо мөнгийг олохын тулд ийм алхам хийхэд хүрчээ.
Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн холбооны төлөөлөгч Катрина Рэй “Ганц бие
эхчүүд гэр бүлээ тэжээхийн төлөө хүнд ажил хийж байна. Нийгмийн
халамжийг багасгасны улмаас ингэхээс ч өөр аргагүй болжээ” гэв. Тэрбээр
дөрвөн хүүхэдтэй бөгөөд хагас сард 287 австрали доллар чадан ядан
хүргэдэг байна. Энэ талаараа “Заримдаа өглөөний цайгүй, өдрийн хоолгүй
өнжих үе цөөнгүй. Хүүхдүүддээ оройн хоол хийж өгч чадахгүй бол талх шарж
өгдөг. Ядуу зүдүү амьдралдаа гутран хааяа дэрээ нортол уйлдаг” гэжээ.
Түүний үзэж буйгаар Австралийн Засгийн газар юу хийснээ сайн мэдэхгүй.
Өрх толгойлсон эмэгтэйчүүд гэр бүлээ тэжээж, байр сууцны хөлсөө яаж
төлдгийг ойлгодоггүй аж. Катрина Рэйгийн хувьд гэр бүлийн
хүчирхийллээс болж нөхрөөсөө салжээ. Тэрбээр даатгалын салбарт
ажилладаг бөгөөд долоо хоногт 22 цаг ажил эрхэлж, цагт 25 австрали
доллар авдаг. Энэ цалин нь юунд ч хүрэлцдэггүй учраас Катрина Рэй
“Манайх гараж, машинд амьдрахаас өөр аргагүй болж байна. Би одоо
гэртээ диван дээр унтдаг. Харин дөрвөн хүүхэд минь нэг орон дээр арай
ядан багтаж хонодог” хэмээжээ.