Серена Уильямс тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Серена Уильямс тэмцээнийг орхилоо

Талбайн теннисний оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн” энэ сарын 14-нд эхэлсэн билээ. Энэ жил 101 дэх жилдээ зохион байгуулагдаж бус тус тэмцээний шагналын сан 27 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд ганцаарчилсан төрлийн аваргууд тус бүр хоёр сая 430 мянган ам.доллар хүртэж, чансааны 2000 оноо хүртэх аж.

Тэмцээний ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид бүрэн тодорлоо. Тэмцээний хоёрт эрэмбэтэй ОХУ-ын Мария Шарапова болон зургаад эрэмбэтэй Хятадын Ли На нар шалгараад байсан бол нөгөө хэсгээс тэмцээний нэгд эрэмбэтэй Беларусын Виктория Азаренка болон АНУ-ын залуу теннисчин Слоан Стефенс нар шалгарлаа. Олонхийн таамаглаж байснаар “Их дуулга”-ын 15 түрүүг хүртэхдээ “Австралийн нээлттэй тэмцээн”-д таван удаа түрүүлээд байсан Серенаг хагас шигшээд шалгарна гэж байсан ч тэрбээр наймны шигшээд нутаг нэгт, 19 настай залуу тамирчин Стефенсд ялагдлаа. Серена Стефенс нарын тоглолтын гурван үеийн турш болоход Серена эхний сэтийг 6:3-оор өөрийн болгосон ч удаах хоёр сэтэд Стефенс 7:5, 6:4-өөр илүүрхэж хагас шигшээд шалгарлаа. WTA-ийн чансааны 25-д бичигдэж буй Стефенсийн хувьд өнгөрсөн жилийн “Францын нээлттэй тэмцээн”-ий дөрөвдүгээр тойрог хүртэл шалгарч байсан бөгөөд Мельбурнд гайхалтай тоглолтыг хийсээр хагас шигшээд шалгарлаа. Стефенс шигшээд шалгарахын эрхийн төлөө тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга, өдгөө WTA-н чансааг тэргүүлж буй Беларусын Виктория Азаренкатай тоглоно. Эгч, дүү Уильямсууд хосын төрөлд тоглоод байсан ч наймны шигшээд Италийн хосуудад ялагдсан байна.

Эрэгтэйчүүдийн хувьд хагас шигшээд Сербийн Новак Жокович, Испанийн Дэвид Феррер нар шалгараад байгаа бол нөгөө хэсгээс хоёрт эрэмбэтэй Их Британий Энди Муррей шалгараад байна. Харин “Их дуулга”-ын 17 түрүүг хүртэхдээ “Австралийн нээлттэй тэмцээн”-д дөрвөн удаан түрүүлсэн Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер болон долоод эрэмбэтэй Францын Жо-Вильфрид Цонга нарын үлдээд байна.

Ч.БОЛОР



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж