Техасын коллежид гурван хүнийг буудаж шархтуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Техасын коллежид гурван хүнийг буудаж шархтуулжээ

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын ойролцоох Харрисийн “Lone Star” коллежийн кампуст өчигдөр галт зэвсэгтэй хоёр этгээд халдсаны улмаас гурван хүн гэмтжээ. Хотын цагдаа нарын мэдэгдсэнээр бууны суманд өртсөн гурван хүний нэг нь гэмт этгээдүүдийн нэг гэнэ. Шархтсан хүмүүсийн биеийн байдлаар одоогоор мэдээлэл гараагүй байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр гэмт этгээдүүдийн нэг нь хэргийн газраас зугтахыг оролдсон ч цагдаа нар цаг алдалгүй баривчилжээ. Хэрэг гарах үеэр англи хэлний хичээлдээ суухаар явж байсан Аманда хэмээх нэгэн оюутны мэдээлснээр буун дуу гарахыг сонсмогц сурагчид ангийнхаа хаалгыг хааж, гэрлээ унтраан ширээн доогуур нуугдсан байна. Энэ бүгд маш хурдан хугацаанд болж өнгөрсөн бөгөөд Аманда “Зургаан удаа буудах чимээ сонссон” хэмээн мэдүүлжээ. Албаныхан хэрэг гарсны дараа “Lone Star” коллежийн ойролцоох төв замуудыг түр хугацаагаар хаасан байна.

Гэмт этгээдүүдийн талаарх мэдээлэл тодорхойгүй хэвээр байна.

 Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж