Иракийн нийслэл Багдад хотын захын хэсгүүдэд өчигдөр цуврал дэлбэрэлт болсон байна. Үүний улмаас 17 хүн амь үрэгдэж, олон тооны хүн гэмтэж шархатсан тухай ВВС мэдээлжээ. Эхний дэлбэрэлт нийслэлийн зүүн зүгийн Махмудия дүүрэгт болсон бөгөөд цэргийн хяналтын цэгийн ойролцоо байршуулсан тэсрэх бөмбөг бүхий автомашин дэлбэрснээр хоёр цэрэг, гурван энгийн иргэн амь үрэгдэж, 14 хүн гэмтэж, бэртжээ. Удаах нь Багдадаас хойд зүгт 30 гаруй км-ийн зайтай орших Тажи хэмээх жижиг хотод болж, автомашинд тавьсан тэсрэх бөмбөг дэлбэрснээс долоон хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн гэмтжээ. Харин үүний дараахан Багдадын хойд хэсгийн шиитүүд голдуу суурьшсан дүүрэгт тэсрэх бөмбөг тавьсан автомашин дэлбэрч, таван хүний амь үрэгдэж, 15 гаруй хүн гэмтэж, шархатсан байна. Одоогоор эдгээр дэлбэрэлтүүдийг ямар бүлэглэл зохион байгуулсан нь тодорхойгүй байгаа ч сүүлийн үед Иракт болоод буй халдлага, дэлбэрэлтэд Суннитуудыг буруутгаж байгаа юм байна. Учир нь сүүлийн үед Иракт гараад буй автомашинд бөмбөг тавьж тэслэх, амиа золиослох зэрэг халдлагууд ихэвчлэн шиитүүдийг чиглэж байгаа аж. Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт Ирак даяар цуврал амиа золиослох халдлага болсноос 40 гаруй хүн амь үрэгджээ.
Б.АНХТУЯА