Хүүхэд, эх барихын салбар бол өрхийн эмнэлэгтэйгээ зайлшгүй холбоо хамааралтай байх ёстой юм л даа.
Саажилт өвчний хувьд манайд байгаа шалтгаануудын нэг нь хүүхдийн тархинд цус харвалтаас үүсээд тархины тодорхой хэсгүүд эргэж сэргэхгүй гэмтэж тэр хэсгийн эсүүд нь үхснээс болоод тэдгээрийн гүйцэтгэх үүргүүд, хөдөлгөөнийг тухайн хүүхэд гүйцэтгэж чадахгүйгээс болж үүсдэг. Нөгөө нэг шалтгаан нь нярайн шарлалтаас үүсдэг. Мөн нярайн шарлалтын бас нэг шалтгаан нь тархинд цус харвах байдаг. Нярайн шарлалт нь элэгнээс болж үүссэн, эсвэл цус харвалтаас үүссэн зэргийг ялгах хэрэгтэй байдаг. Ер нь энэ талаар ярьвал маш их зүйл байдаг тул ингээд орхиё.
К витамины дутагдлаас болж нярай хүүхдийн цусны бүлэгнэлт муу болж тархинд цус харвах шалтгаан болдог. Хэдийгээр төрөх үед нэг удаа хийдэг боловч уг нь эх нь жирэмсэн байх хугацаандаа К витаминыг хоолоор, нэмэлт хэлбэрээр авч байх нь хэрэгтэй. Урьд нь ганц хүнийг тэжээдэг байсан ходоод маань гэдсэн дэх дахин нэг хүнийг тэжээхийн тулд бас дан ганц хоол хүрэлцдэггүй, дээр нь манай нөхцөлд хоолны төрөл агууламж их муу байдаг.
Тиймээс жирэмсэн эхчүүдийн хувьд төмрийн бэлдмэл, фолийн хүчил, К витамин гэсэн 3 зүйлийг нэмэлтээр хэрэглэж байх нь их чухал. Болж өгвөл цагаан идээ хэрэглэж, хятад ногоо хэрэглэхгүй, элдэв импортын хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, хоол ундандаа бас сайн анхаарч чанартай хүнс хэрэглэх хэрэгтэй.
АНУ зэрэг хөгжилтэй орнуудад бол яг жирэмсний зориулалтын найрлага бүхий витаминууд байдаг юм билээ. Манайд ч одоо цөөнгүй орж ирж байгаа байх. Ийм бэлдмэлүүдийг хэрэглэх нь бас их зүгээр. Гэхдээ нөгөө талаас бас тийм витаминууд бас Монгол хүний хоол унд, нөхцөл, бие махбодын онцлогт хир зохихыг сайтар судалж байж хэрэглэвэл зүгээр гэж бодогддог, тэр чиглэлээр судалгаа хийж тогтоосон бэлдмэлүүдийг өөрсдөө үйлдвэрлэж хэрэглэх хэрэгтэй болов уу гэсэн бодол байдаг юм. Тэгээд жирэмсэн үеийн хоол унд, дэглэм зэргийн талаар өрхийн эмч нарт энэ талаар сайн мэдлэг олгож жирэмсний хяналтанд анхаарал хандуулах зэрэг ажил нийгмийн эрүүл мэндийн салбараас явуулах хэрэгтэй болов уу гэж бас бодогддог.
Мөн нэг том асуудал бол агаарын бохирдол. Болж өгвөл жирэмслэх хугацаагаа сайтар тооцоолж арай утаа багатай үеийг тааруулах, хэрвээ боломжтой бол бүүр жирэмсэн байх, төрөөд 1 нас хүртэлх хугацаанд хотоос гадагш байвал хүүхэд тань эрүүл саруул төрж, өсөж бойжих нь илүү байх болов уу гэж бодож байна.
Мөн жирэмсэн болсон бол үүнтэй холбоотой ном, мэдээллийг цуглуулж, уншиж зөвлөгөө авч, мөрдөөрэй гэж хэлмээр байна