МАН-ынхан халаа, сэлгээ хэрээс хэтэрлээ гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

МАН-ынхан халаа, сэлгээ хэрээс хэтэрлээ гэв

МАН-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа шинэчлэлийн Засгийн газрын халаа, сэлгээг буруу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

“Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш халагдсан, ажлаас чөлөөлөгдсөн цөөхөн хүн байгаа, халж байгаагүй, зөвхөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн хэмээн олон нийтэд мэдээлэл өгч байгаа ч үнэн хэрэгтээ халаа сэлгээ маш их хийгдэж байна” гэж МАН-ын гишүүд хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-“Бид энэ асуудалтай холбоотойгоор өнгөрсөн есдүгээр сарын 28-нд Засгийн газарт асуулга хүргүүлсэн. Энэ асуулгад төрийн албанаас ямар хүмүүсийг чөлөөлж, томилж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн. Хэдийгээр яамдын тоог бууруулсан гэж ярьж байгаа ч төрийн албанаас халагдсан хүмүүс олон байна. Засгийн газар УИХ-ын гишүүний асуулгад 30 хоногийн дотор хариугаа өгөх ёстой. 40 гаруй хоногийн дараа асуулгын хариу ирсэн ч дутуу мэдээлэлтэй байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тухайн үед “Удахгүй үлдсэн мэдээллийг өгнө” гэж байсан ч одоо болтол хариу өгөөгүй байна. Баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийн асуулгын талаар хэлэлцэх гэж байхад бид ямар ч мэдээлэлгүй сууж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт асуулга тавьсан ч дөрвөн сарын хугацаанд хариулт авч чадахгүй байгаагаа гайхаж байна. Тиймээс бид өөрт  байгаа мэдээлэл, иргэдээс ирсэн саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөл хууль зөрчиж байна гэж үзэж байгаа” гэлээ. 

“2012 оны улсын төсвийг 2013 оныхтой харьцуулбал, төрийн албан хаагчдын цалингийн зардал 210 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Төрийн албан хаагчийн дундаж цалинг 500 мянган гэж үзвэл, 33 мянга орчим төрийн албан хаагч төрийн албанд шинээр орсон байна гэсэн тооцоо хийж болно. Мөн төрийн албаны бараа үйлчилгээний зардал  өмнөх оныхоос 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэж,  төрийн албан хаагчдын цалин, бараа үйлчилгээний зардал нийлээд 410 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь төрийн албаны тоог нэмэгдүүлсэн гэж үзэхэд хүргэж байгаа” хэмээн С.Бямбацогт гишүүн онцлов.

Мөн Түр орлон гүйцэтгэгч олон байна. Үүнийг төрийн албаны жинхэнэ албан хаагч болох сонгон шалгаруулалт хийх ёстой. Гэтэл энэ сонгон шалгаруулалтыг яаралтай хийхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна” гэдгийг ч тэд хэлж байлаа.

Өмнөх Засгийн газар 11 яаманд 929 орон тоотой байсан бол шинэчлэлийн Засгийн газрын үед 16 яам, 1625 албан хаагчтай болсон гэсэн мэдээлэл байгаа аж. Тиймээс МАН-ын гишүүд өчигдөр Засгийн газарт энэ талаар бодит мэдээлэл өгөх асуулгыг дахин хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэ талаар,

-“Ардчилсан нам Засгийн эрхийг авснаас хойш төрийн албаны хуулийг зөрчсөн олон томилгоо хийж байна. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохдоо хууль зөрчиж,  түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ нь өнөөдрийн мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 21-р зүйлийг зөрчиж байгаа. 21.1-д зааснаар, Төрийн албаны түр орлон гүйцэтгэгчийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно гэж заасан байдаг. Гэтэл Төрийн жинхэнэ албанд байхгүй, төрийн албаны хуулийг зөрчиж томилгоо хийж байна. Засгийн газрын  2012 оны есдүгээр сарын 5-ны шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц, холбогдох байгууллагуудад бид өгсөн. Зөвхөн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог авч үзэхэд, 16 Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн нэг нь л тухайн яаманд газрын  даргын алба хашиж байсан, тав нь төрийн Захиргааны албанд, хоёр нь Төрийн тусгай албанд ажиллаж байжээ. Харин үлдсэн нь улстөрийн нам, хувийн хэвшилд ажиллаж байсан хүмүүс томилогдсон байна. Энэ нь ч төрийн жинхэнэ албанд орох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Засгийн газар хууль зөрчиж, хүчин төгөлдөр хуулийг өөрсдийн үзэмжээр тайлбарлаж байна. Ерөнхий сайд нь хууль зөрчвөл, ард түмнийг яаж хууль биелүүл гэж шаардах юм бэ. Энэ бол нийгмийн харилцаанд томоохон нөлөө үзүүүлэхүйц зүйл болж байна” гэлээ.

Төрийн албан хаагчдын холбоонд одоогоор 2000 гаруй иргэн ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан гэсэн албан бус мэдээлэл ирээд байгааг тэд мөн дурьдав. Иргэд Төрийн албан хаагчдын холбоонд хүсэлт гаргахын сацуу утсаар мэдээлэл өгдөг байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж