Индонезид британи эмэгтэйг цаазална

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Индонезид британи эмэгтэйг цаазална

Индонезийн шүүхээс мансууруулах бодисны нууц наймаанд холбогдсон 56 настай британи эмэгтэй Линдсэй Сэндифордод (Lindsay Sandiford) цаазаар авах ял оноов. Түүнийг өнгөрсөн оны тавдугаар сард гаалийн ердийн үзлэгээр Бали аралд баривчилжээ. Цагдаагийнхан түүний чемоданы бүрээс доороос 4,8 кг кокаин илрүүлжээ.

Сэндифорд анхандаа мансууруулах бодисны наймааны золиос болсон гэж мэдүүлж байсан юм. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ түүнд 15 жилийн хорих ял төлөвлөсөн ч шүүх бүрэлдэхүүн эмэгтэйн ялыг хөнгөрүүлэх үндэслэл, шалтгаан байхгүй, тэр өөрөө хэргийн үр дагаврыг бодоогүй гэж үзжээ. Британи эмэгтэй аялал жуулчлалын төв гэгдэх Бали арлын нэр хүндийг унагаад зогсохгүй, хар тамхитай тэмцэх Засгийн газрын хөтөлбөрийг сулруулсан хэмээн шүүгч мэдэгджээ. Ингээд түүнийг ялын дээд хэмжээгээр шийтгэсэн байна.

Эмэгтэйг Бангкокоос ирснийх нь дараа баривчилсан бөгөөд түүнийг өөр гурван британи хүнтэй мансууруулах бодисны нууц наймааны бүлэгт хамрагддаг гэж сэжиглэж байгаа ажээ. Тэдний хоёр нь болох  Пол Билз (Paul Beales) хар тамхи хадгалсан хэргээр, Рейчел Дугалл (Rachel Dougall) нь хэргийг нуусан гээд тус тус дөрвөн жилийн хорих ял сонссон байна. Харин хар тамхи хадгалсан гэх  Жулиан Пондерийг (Julian Ponder) шүүх ажиллагаа үргэлжилж байна.

Британийн хүний эрхийг хамгаалах Reprieve нийгэмлэгийнхэн Линдсэй Сэндифордыг өмөөрч,  хар тамхины нууц наймааныхан түүний хүүхдүүдээр барьцаалан заналхийгээд тэр эмэгтэйг хэрэгт татан оруулсан гэжээ. Үүнээс гадна уг эмэгтэйд сэтгэцийн гажиг бий гэж өмгөөлөгч нар нь хэлж байна. Сэндифорд өөрөө Индонезийн засаг захиргаанаас хийсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйгаад, хүүхдүүдийнхээ төлөө энэ хэрэгт оролцсон гэв.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж