2013 он цоо шинэ хуудас нээж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

2013 он цоо шинэ хуудас нээж байна

ETV телевизийн Мэдээний албаныдарга,  сэтгүүлч Б.Отгоныг энэ удаагийнхаа дугаарын зочноор урьж, ярилцлаа.


-Шинэ оны мэнд. Таны хувьд шинэ оны ажлын гараа хэр байна, ер нь 2013 оныг хэрхэн төсөөлж байна?


Б.Отгон:
  Сүүлийн 10
жилийн турш нэг газар ажиллаж байсан миний хувьд 2013 он амьдралд минь
цоо шинэ хуудас нээж байна. Шинэ оныг шинэ хамт олон, шинэ ажлын
гараатайгаар угтаж байгаа учраас эрч хүч дүүрэн, улам ихийг хийж бүтээх
оргилсон их хүсэл тэмүүлэлтэйгээ угтаж байна. Өөрөө дахин шинээр
мэндэлсэн мэт мэдрэмж төрж байна.

-Өнгөрсөн оны төгсгөлд
нийгэмд, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарынхны дунд багагүй шуугиан
тарьсан асуудал ТВ9 телевизийн 30 гаруй уран бүтээлч нэгэн зэрэг
ажлаасаа гарсан явдал байсан. Тийм олуулаа яагаад ийм шийдэлд хүрсэн бэ?

Б.Отгон:
Уг нь бол ийм олуулаа ажлаасаа нэгэн зэрэг гарах зорилго, төлөвлөгөө
хэнд ч байгаагүй. ТВ9 телевизийг сүүлийн 8 жил удирдсан Ц. Энхбат
захирал ажлаа өгч, захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдсноос хойш телевиз
дээр уран бүтээлчид удирдлагуудын дунд үл ойлголцол үүссэн. Ажлаа
мөрөөрөө хийж яваа зарим нэг уран бүтээлчийг ажлаас нь халж эхэлсэн.
Телевизийн бодлогод ч өөрчлөлт орж, уран бүтээлчдийг хардаж сэрдэх,
шахаж дарамтлах байдал газар авсныг эсэргүүцэж удирдлагаа өөрчлөх
хүсэлтийг Телевизийн ТУЗ-д хүргүүлсэн. Нийт 60-аад уран бүтээлч нэгдэж
гарын үсэг зурж шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь ТУЗ-аас удирдлагыг
өөрчлөхгүй гэсэн шийдвэр гарсан учраас бид энэ удирдлагуудтай ажиллаж
боломжгүй гэдгээ хэлээд ажлаас гарах өргөдлөө өгсөн. Товчхондоо ийм л
зүйл болсон.

-Таныг захирал болгохоор уран бүтээлчид нэгдэж
шаардлага хүргүүлсэн гэж сонссон. Бас таныг дээрхи уран бүтээлчдийн
бослого тэмцлийг удирдсан гэх яриач байна л даа?

Б.Отгон:
Үгүй. Уран бүтээлчдийн шаардлагад хамт олны хүсэлтээр захирал болгох
боломжтой хүмүүсийн нэрс ч байсан. Түүн дотор миний нэр байгаагүй.
Тэгээд ч надад захирал болох ямар ч хүсэл сонирхол байхгүй. Миний хувьд
сэтгүүлчийн мэргэжил ямар ч дарга, сайдын албан тушаалаар арилжихын
аргагүй үнэт зүйл. Би мэргэжлийнхээ үнэ цэнийг мэддэг, дуртай, энэ ажлыг
сонгосондоо туйлын сэтгэл хангалуун байдаг. Би бослого хөдөлгөөн
удирдахдаа тулвал нэг байгууллагын дарга солих дайны жижиг зүйлээр
оролдохгүй. Харин эх орон, газар шороо, тусгаар тогтнол Монголынхоо
төлөө бол бослого хөдөлгөөн байтугай амь насаа зориулахад ч бэлэн байна.

-Та яах аргагүй ТВ9 телевизид өөрийн гэсэн өнгө төрх, орон
зайг эзэлсэн сэтгүүлч байсан. Олны өмнө ил байдаг хүмүүсийн хувьд
телевизээс олино гэдэг амаргүй байв уу?

Б.Отгон:
Мэдээж амаргүй байсан. Гэхдээ олуулаа, хамт олноороо шийдвэр гаргасан
болохоор эргэлзэх зүйл алга. Бид ажил амьдралын минь гараа болсон ТВ9
телевиздээ баярлалаа гэж хэлэх ёстой. Бас цаашид ч Монголын хэвлэл
мэдээллийн салбарт эзэлсэн байр сууриа улам бататгаж, ахиулж яваасай гэж
хүсч байна.

-ТВ9 телевизээс гарсан 40-өөд уран бүтээлчид баг
хамт олноороо нэг телевизэд ажиллана гэдгээ олны өмнө зарлаж байсан.
Энэ зорилгодоо хүрч чаджээ?

Б.Отгон: Биднийг анх хамт
олноороо нэг телевизэд ажиллана гэхэд энэ олон хүмүүсийг нэг дор багтаах
телевиз олдоно гэдэгт хүмүүс эргэлзэж байсан. Гэвч бидэнд багаараа ирж
ажиллаач гэж олон телевиз санал тавьсан. Бид “Тод харуулна “уриатай ETV
телевизийг сонгож багаараа ирлээ. Энд Спорт, Мэдээ, Зураглаачдын албанд
шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж эхэллээ. Анзаарсан бол сая
спортын томоохон арга хэмжээнүүдийг шууд дамжуулж, мэдээллийн хөтөлбөр
нь ч тэр чигтээ шинэлчилэгдээд эхэлсэн.

-Олон сонголтуудаас чухам яагаад ETV телевизийг сонгосон бэ?

Б.Отгон:
ТВ9 Телевизийг удирдаж байсан Ц. Энхбат захирал маань энд ажиллаж
байгаа. Биднийг чадварлагаар удирдаж, дэмжиж өдий зэрэгт хүргэсэн
захиралдаа итгэсэн.  Бас энэ телевизийг үүсгэн байгуулагчид нь нам улс
төрөөс ангид, төрөөс төрсөн тэрбумтан биш, цэвэр бизнесийн хүмүүс байсан
нь таалагдсан. Өнөөдөр Монголын телевизүүд ихэнхи нь ардаа улстөрч,
олигархи эзэнтэй. Зөвхөн эзний захиалсан хөгжмийг л тоглож байгаа нь
нууц биш. Сэтгүүлч хүнд хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг ус агаар мэт
хэрэгтэй. Түүнээс нэг намын,  нэг улстөрчийн зэвсэг байхыг хүсээгүй
учраас энэ сонголтыг хийлээ. Бас техник технолгийн хувьд орчин үеийн,
Монголын анхны HD телевизүүдийн нэг учраас, “Тод харуулдаг” Шинэ
телевизүүдийн нэг гэдгийн хувьд бол… Бид хүмүүсийн бүтээн босгосон
бэлэн зүйл дээрээ очихоосоо илүүтэй өөрсдийн хүч хөдөлмөрөөр хамтдаа
бүтээн босгомоор байна. Телевизийн чансаа шинэ хуучнаар хэмжигддэггүй.
Харин хэн чадсан эсэхээр хэмжигдэнэ.  Өөрийн хөлс, хөдөлмөр шингэсэн
бүхэн илүү амттай шүү дээ.

-Өмнөх захиралтайгаа хамтарч
ажиллахаар болсон гэж та сая хэллээ. Ц.Энхбат захирал гаршсан
сэтгүүлчид, ажилтнуудаа авахын тулд та бүхнийг ТВ9 телевизээс гарахад
нөлөөлсөн гэж үзэх хүмүүс ч байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар тайлбар
өгөх вэ?

Б.Отгон: Энэ бол огт үндэслэлгүй зүйл.
Ц.Энхбат захирал өдийг хүртэл өөрийнхөө бүтээсэн зүйлийг өөрийнхөө
гараар устгах хүн биш. Харин ч биднийг ТВ9 телевиздээ тогтвор
суурьшилтай ажиллахыг байнга зөвлөдөг байсан. Харин бид ажлаасаа
гарсныхаа дараа Ц.Энхбат захиралтай хамтарч ажиллах хүсэлтээ өөрсдөө
илэрхийлсэн.

-Та бүхэн өмнө нь хийж байсан нэвтрүүлгүүдээ энд бас хийхүү. Эсвэл бүр өөр шинэ өнгө төрхтэйгээр ажиллах уу?

Б.Отгон:

“Ардын парламент” “Анализ” "Эзэнгүй төрийн эмгэнэл” “Сэтгэлд гал
байхад” гээд нэвтрүүлгүүд нэрийн хувьд ТВ9 телевизийн өмч учраас тэндээ
үлдэнэ. Уран бүтээл хийж байгаа хүнээсээ 100 хувь шалтгаалдаг болохоор
дээрх нэвтрүүлгүүдийг гардан хийдэг хүмүүс нь ETV-д ирсэн учраас илүү
чансаатай бүтээлүүд гарна гэдэгт эргэлзэх зүйлгүй. ETV телевизийн
мэдээний албанд сэтгүүлч О.Баярмаа, М.Бүжинлхам, Л.Гантуяа гээд
чадварлаг сэтгүүлчид ТВ9 телевизийн нүүр царай болсон нэвтрүүлэгч
Я.Болорчимэг ирсэн. Мөн “Евро 2012” тэргүүтэй тив дэлхийн уралдаан
тэмцээн, үндэсний спортын наадмыг мэргэжлийн өндөр түвшинд шууд дамжуулж
гаршсан ТВ9 телевизийн Спортын алба ч багаараа ирсэн. Мөн чадварлаг
зураглаачид багаараа ирж ажиллаж байна.

-“ТВ9 ийн Отгон”
гэхээр л хамгийн түрүүнд уул уурхай, газар шорооны төлөө тэмцсэн тэмцэгч
бүсгүй, ард түмний хайртай сэтгүүлчийн дүр л тодордог. Энэ чиглэлээ
орхихгүй биз дээ?

Б.Отгон: Энэ бол сэтгүүлч байсан
эсэхээс үл хамаарах миний хувь чанар. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч,
зоригт эх оронч Чингүнжавыг төрүүлсэн Хотгойд түмний үр сад болоод ч
тэрүү, Хөдөөгийн жирийн малчны гэр төсч хүмүүжсний хувиар ч тэрүү, Уух
ус,  гишгэх газар шороо , үеийн үед оршихуйн эх үндэс болсон байгаль
дэлхийг сүйтгэж байгаатай эвлэрч хэзээ ч тэвчдэггүй. Нутаг усаа гэх
сэтгэл Монгол хүнд л байх эрхэм дээд чанаруудын нэг. Энэ үнэт зүйлээ
хамгаалж, ирээдүй хойчид бүрэн бүтнээр нь үлдээхийн төлөө сэтгүүлчид
өнөөдөр дуугарах ёстой. Харин ч энэ сэдвээр зоригтой дуугарах телевизийн
тоо нэгээр нэмэгдсэнд баярлаж байна. Б. Отгоны гарах суваг нь л
өөрчлөгдөж байгаагаас миний хэлдэг ярьдаг, үзүүлдэг харуулдаг бүхэн
хэвээрээ гэж ойлгож болно. Харин ч тод харуулна.

-“Отгон” гэсэн нэрнээс тань харахад айлын отгон хүүхэд үү. Багадаа ямар хүүхэд байсан бэ?

Б.Отгон: 
11 хүүхэдтэй өнөр айлын хамгийн отгон охин. 3 ах, 7 эгчтэй.  Манай аав
ээж энэ олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх гэж ямар их хөдөлмөрлөж байсныг
харж өссөн болохоор эрхлэхээсээ илүүтэй ээж аавдаа яаж дэм болох вэ л
гэж бодож өссөн. 7 настай байхдаа нэгдлийн 1000-аад хонийг ганцаараа
хариулаад өвөлжиж байсан удаатай. Хожим бодоход энэ амьдралын том
сургууль байсан юм шиг санагддаг. Монголчуудын үр хүүхдээ хүмүүжүүлэх
арга нь үглэж, шаардахаасаа илүүтэй өөрсдийн биеэр үлгэрлэж, багаас нь
ажил хөдөлмөр эрхлүүлэх байжээ.

-Сэтгүүлчид тэр дундаа
телевизийн хүмүүс цаг заваар хомс байдаг. Таны хувьд хэр чөлөөт цаг
гардаг вэ? Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Б.Отгон: Яг
юм хийе бүтээе гэсэн хүмүүсийн хувьд үнэндээ амарч зугаалах цаг
гардаггүй. Телевизийн ажилд угаасаа эхлэл төгсгөл, хагас бүтэнсайн гэсэн
ойлголт байдаггүй. Гэр бүлийн хэн ч үүнд дасчдээ. Сэтгүүлчийн ажил
байнга уншиж, судалж,  эрж хайж байдаг ажил учраас цаг завч үүнд л
зориулагдана даа

-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Уран бүтээлч хүмүүст найдвартай ар тал чухал гэж ярьдаг шүү дээ?

Б.Отгон:
Тээрийн ивээлээр надад сайн хань заяасан.  Хорин насандаа учраад хоёр
хөөрхөн хүүхдийн аав ээж болоод тэгш сайхан амьдарч байгаагаа их хувь
заяа гэж сүсэглэдэг. Манай гэр бүлийн хүн хувийн компанитай, жирийн
бизнес эрхэлдэг залуу байдаг. Гэр бүлийн хоёр бие биенээ ойлгодог, ажлыг
нь дэмждэг, урам зориг, эрч хүчийг өгдөг байж гэмээ нь хүн амжилтанд
хүрч, аз жаргалтай амьдарна. Он жил өнгөрөх тусам хань бид хоёрын үзэл
бодол улам л нэгдээд байгаа шиг санагддаг.

-Ярилцлагынхаа
төгсгөлд та өөрийнхөө болон хамт олныхоо зүгээс та бүхнийг дэмждэг
телевиз үзэгчид, уншигчдадаа хандаж хэлэх үг байгаа болов уу?

Б:Отгон:
Баярлалаа. ТВ9 телевизээс гарсан уран бүтээлчид бид хамтдаа байна гэсэн
амлалтандаа хүрч ETV телевизэд багаараа ирлээ. Хамгийн шударга, шуурхай
мэдээлэл, цаг үеийн асуудлуудаар бэлтгэсэн даацтай нэвтрүүлэгүүдийг 
бид хийх болно.   Монголд хараат бус хүчирхэг хэвлэл мэдээллийн
хэрэгслийн тоог нэгээр нэмэхэд бидэнтэй хамтран ажиллаарай гэж хэлэх
байна.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсантанд баярлалаа.

Эх сурвалж: "ИНФО СЭТГҮҮЛ"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж