Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Өөхөнд боосон хориг

Хоёр парламент дамжуулан хэлэлцсэн ч үр дүнд хараахан хүрээгүй байгаа Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороодоор ярилцаж байна. Маргааш чуулганаар хэлэлцэх сураг бий.

Өнгөрсөн зууны 90-ээд онд Монголд хэвлэх, нийтлэх эрх чөлөө туйлдаа хүрч, дэлхийд хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орны тоонд багтан 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсанаар төр, засгийн хүлээснээс ангижирсан Монголын хэвлэлийн эрх 2000 оноос эхлэн бүдгэрсээр өдгөө хагас эрх чөлөөтэй орны ангилал дотор ороод буй.

УИХ-аар хэлэлцэж байгаа Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль энэ алдагдсан эрх чөлөөг бүтэн болгох болов уу гэтэл улам доош дарах янзтай. Улстөрчид, эрх мэдэл бүхий нөхөд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг атгандаа байлгахын тулд “өөхөнд боосон” хоригийг хуулийн төслийн энд тэнд хавчуулж, өнгөлөн далдалсан нээнтэг шаантгаар дүүргэхийг хичээж буй нь хэлэлцүүлгийн шат гүнзгийрэх тусам харагдах боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэж буй нь нуухыг нь авах гээд нздийг нь сохлохын үлгэрийг харуулж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд байгаагүй зарим заалтууд хоёр төслийг нэгтгэсэн гэсэн далбаан дор Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл дотор хавчуулагджээ. Тухайлбал, уг хуулийн төслийн  12.2-т “Хэвлэл мэдээллийн байгууллага нь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаан доромжилсон болон бусад хууль бус мэдээллийг сэтгэгдэл болон бусад хэлбэрээр дамжуулан нийтлэх, нэвтрүүлэх боломжийг гуравдагч этгээдэд олгохыгхориглоно” гэжээ.

Энэ юу гэсэн үг вэ. Веб сайтуудын сэтгэгдлийг хянана, сэтгэгдэл бичигчийг регистрийн дугаар, овог нэрээр нь бүртгэнэ гэсэн Засгийн газрын хуралдааны муйхар бүдүүлэг шийдвэрийг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд шигтгэх гэж байгаа нь энэ. Бичсэн нийтлэл, мэдээндээ сэтгэгдэл авахыг хэвлэлийн редакц, сэтгүүлчид хариуцах ёстой болгох гэж байгаа юм байна. Уншигчдынхаа үг хэлэх, байр сууриа илэрхийлэх эрхийг сэтгүүлчдээр өөрсдөөр нь хаалгах гэж байгаа юм байна л даа. Мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийг УИХ-ын гишүүд өөрсдөө баталсан. Тэр хууль зөвхөн сэтгүүлчдэд биш, нийт ард иргэдэд хамаатай. Иргэд мэдээлэл олж аваад Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу бас байр сууриа илэрхийлж үгээ хэлэх эрхтэй. Тэр үг хэлэх эрхийн тоонд сэтгэгдэл ч багтана. Сэтгэгдэл бичсэн байдлаас нийгмийн доторх уур амьсгал ч анзаарагддаг. Уур уцаар бухимдал давамгайлаад ирвэл дарга, сайд нарын ажил иргэдийн сэтгэлд нийцэхгүй байна л гэсэн үг.

Үүнтэй ноцолдоод эхэлбэл Төрийн ордноос холддоггүй сайд дарга нар нийгмийн сэтгэл зүйг шинжих цонхоо хага цохисноос ялгаагүй. Гэхдээ цонхыг өөрсдөө хагалахгүй, сэтгүүлчдээр хагалуулах гэж хорлонтоод байгаа юм аа.

Иргэдийн үгээ хэлэх эрхийг сэтгүүлчдийн гараар хаалгаад, сэтгүүлчдийн амыг улстөрчид, эрх мэдэлтгүүд өөрсдөө барих сэдэл бүхий зарим заалтыг хуулийн төсөл дотор тараан оруулсны нэг жишээ энэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оролцохдоо веб сайтын сэтгэгдлээр хөөцөлдөхөөс илүү хоолойд тулсан олон асуудал байгааг сануулсан. “Юун вэб сайт вэ. Юун их завтай юм бэ. Нэг, хоёр хүний сэтгэгдэлд эмзэглэж байж яаж нэг сая хүний асуудлыг шийдвэрлэх юм бэ” гэсэн сануулгыг Төрийн тэргүүн Засгийн газарт өгсөн.

Ерөөсөө улстөрчдөд нээлттэй, эрх чөлөөтэй хэвлэл садаа болдог бололтой нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа байдлаас харагдаж буй. Яавал тээг тавих вэ гэсэн бодол тэдний толгойд байнга эргэлдээстэй байх шиг. Бас хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг хөрөнгө оруулагчдынхаа эсрэг бай гэсэн утгатай заалт оруулах гээд түүнээс болж хуулийн төслийн хэлэлцүүлэг хэсэг зуур хойшилсон. Хэрэв хөрөнгө оруулагч 20-иос хэтрэхгүй хувийг эзэмшээд, харьяа хэвлэл дээр нь гарсан болохгүй зүйл бүхий өмнөөс хариуцлага хүлээгээд байвал аяндаа хэвлэл, мэдээлэл гэсэн гарзнаас цаашгүй, олз байхгүй салбарт хөрөнгө оруулах хүн гарахгүй. Тэгээд хөрөнгөгүй хэвлэлүүдийг төр мэдэлдээ авах уу, яахав. Нөгөө газар албадан чөлөөлнө, буруу рультэй машин явуулахгүй гэдэгтэйгээ адилхан.

Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэсэн нэрээр хэвлэлийн эрхийг хавчих, эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө номхон тэмээ болгож буруу зөрүү ч бай хамаагүй ажлаа магтан гайхуулсан, биеэ өргөмжилж бусдыг гутаах хэрэгсэл болгоод байж байх сонирхолтой байгаа бол энэ хуулийн төслийг хэлэлцээд ч хэрэггүй. Өчнөөн олон  зүйл заалттай хэрнээ хэвлэлийг боомилсон хууль байснаас сайн цаг нь иртэл 1998 онд баталсан ганц хуудас Хэвлэлийн эрх чөлөөний хуультайгаа явж байсан нь ч дээр юм уу даа.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж