УИХ-ын сонгууль болсноос хойш хэдэн сарын хугацаа өнгөрөөд байгаа ч одоог хүртэл УИХ бүрдэж чадахгүй, 74 гишүүнтэй ажиллаж буй. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангай аймгаас тус тус нэг гишүүн их хуралд ирэхээ хүлээж байгаа. Тэгвэл нийслэлийн Захиргааны хэргийн шүүх АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай мэдээллийг эх сурвалж хэллээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор уг хэргийг хянан хэлэлцээд, Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Л.Эрхэмбаярын давж заалдах гомдлыг шүүх хүлээж аваагүй учир УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийн дахин санал хураалт явуулах нь тодорхой боллоо.
Харин УИХ-ын 26-р тойргийн дахин санал хураалтыг хэзээ явуулах талаар хугацааг тогтоогүй байгаа аж. Иргэдийн ирц, зардлыг тооцож үзээд ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр явуулж магадгүй гэх яриа Төрийн ордонд тархжээ.
Ш.ЧИМЭГ