
Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Оюунбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга хошууны Алтан-Эмээл хотод айлчилж, тус хотын Дотоодыг хамгаалах товчоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Гэрээнд хоёр тал адил тэгш эрхтэй байх, хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад харилцан бие биенээ хүндэтгэж ажиллах заалтыг оруулсан байна. Мөн сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болсон гэмт хэргүүд тухайлбал галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис шатамхай зүйлс, химийн хорт болон цацраг идэвхт бодис зэргийн хууль бус наймаа, тээвэрлэлт, хил дамнуулан мал хулгайлах гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах болон сэтгэл мэдрэлд нөлөөлөх бодис, эмэгтэйчүүд хүүхдүүд, хүн хулгайлах, худалдаалах, наймаалах, олон улсын бүлэг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Олон улсын алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа, хууль бусаар хил нэвтрүүлэн дамжуулах /контрабанд/, мөнгөн тэмдэгт баримт бичиг болон үнэт цаасыг хуурамчаар үйлдэн наймаалах, эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэг зэрэг тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хамтран зүтгэхээр харилцан тохиролцжээ.
Д.ЦЭЭНЭ