“Гамлет” эргэн тайзнаа

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

“Гамлет” эргэн тайзнаа

Театрын оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг Уильям Шекспирийн “Гамлет” жүжиг Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин “заларч” өнгөрсөн арваннэгдүгээр сард үзэгчидтэйгээ уулзсан билээ. Дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн энэ зохиол УДЭТ-ын энэ цагийн уран бүтээлчдийн шандсыг сорих ээлжит нэгэн сорил нь болон үзэгчдэд хүрсэн цагаасаа сайн муу, шүүмжлэлийг олонтаа дагуулсан. 150 сая төгрөгийн өртгөөр 200 гаруй хүний хүч хөдөлмөрөөр тайзнаа амилах “Гамлет” дахин театрын тайзнаа залрах нь. Уг жүжгийг энэ сарын 23, 24, 25, 26, 27, 30, 31-нд үзэгчдийн хүртээл болгохоор товоо зарлалаа.

“Гамлет” чухамдаа дэлхийн утга зохиолын сор болсон бүтээлийн нэг. Эдүгээ цагаас 33 жилийн тэртээ 1979 онд анх УДЭТ-ын алтан тайзнаа амилсан “Гамлет”-ыг энэ удаад үзэгчид магадгүй огт өөр өнцгөөс хүлээн авсан бол уу.  Нийгмийн зөрчил, бухимдал, худал хуурмаг, эс бүтэх бүхнийг өөрөөрөө, өөрийн солиорлоор илэрхийлэх Гамлетын дүрийг найруулагч Н.Наранбаатар “Монголын ард түмний саруул ухаан” хэмээн тодотгосон. XXI зуунд техник технологийн хөгжлийг гэрлийн хурдаар хэмжихүйц хэмжээнд хүрсэн ч хүний эх язгуур гэгч зүйл алдагдаж, сайн муу, үнэн худлын дэнсэн дээр сөрөг тал руугаа давамгайлж, материаллаг сонирхол ихтэй, өнгөц, хийсвэр болсон энэ цаг үед “Гамлет” жүжиг тайзнаа тавигдаж байгаа нь цагаа олсон гэдгийг ч тэр онцолсон юм.

“Гамлет” жүжгийг дэлхийд анх удаа 1601 онд тайзнаа тавьсан гэх түүхэн баримт бий. Тэр цагаас хойш олон орны олон театрт солиотой, хардагч, өшөө авагч гээд тоймгүй олон “Гамлет” амилсан. Харин Монголын үзэгчидтэй уулзах Гамлетыг хамгийн энгийнээр, хамгийн товчхоноор үнэнийг хайгч, үнэний эрэлч гэж найруулагч нь тодотгсон. Найруулагчийн нүдээр нийгмийн бухимдлыг өөрөөрөө, өөрийнхөө солиорлоор дамжуулан гаргаж чадах тэр хүн нь С.Болд-Эрдэнэ байсан юм. Харин Гамлетын хайртай бүсгүй Офелиягийн дүрд сонгон шалгаруулалт явуулж, залуу жүжигчин А.Ганчимэг болон театрын жүжигчин Д.Ганцэцэг нар тоглосон.

“Гамлет”-ын бусад дүрүүдэд буюу Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тогложээ. Жүжгийн туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураач Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажилласан юм.

Г.ДАША



Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж