Ямар ч байсан олон жил “идэш ууш”-ын уурхай болсон гэж яригдсан МИАТ-ээс олон тэрбум төгрөгийн мөнгө угаан завшсан байж болзошгүй гэсэн хэргийг шалгаж эхэллээ. Гэхдээ энэ бол үе үе тэр энэ томчуудыг шалгаж эхлэв хэмээгээд элсэнд шургасан юм шиг учир битүүлгээр алга болчихдог “дуулиант” хэргүүд шиг сураг алдарчихгүй л болов уу гэж найдлага төрөөд байна.
Учир нь, зөвхөн одоогийн байдлаар 2005-2010 онд МИАТ-ийн Коммер, санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан, “Монголиан Эйрлайнс” компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан гавьяат нисгэгч О.Бат-Эрдэнэ болон мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон түүний гэргий Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг нарыг саатуулан баривчлаад байна. Тэднийг МИАТ-ийн мөнгийг гадагш нь дамжуулж угаан, түүнийгээ эргүүлж хувийн хөрөнгө болгон оруулж ирж байсан гэдгийг эхний мөрдөн байцаалтын байдлаар нотлох баримтаар тогтоогоод буй гэжээ. Тухайлбал, 2001 оны аравдугаар сарын 15-наас авч эхэлсэн Дайны эрсдлийн даатгал гээчийн мөнгө тэр чигээрээ гадагшаа гарсан бололтой. Уг нь энэ даатгал хэмээх зүйлийн мөнгийг МИАТ-ийн орлого гэж тооцдог байсан ч 2007 оноос гэнэт гадагш нь шилжүүлэх болж, дарга нар нь ч гэнэт баяжих болсон гэдэг. Анх сонсоход зорчигч тус бүрээс таван ам.долларын хураамж авдаг байсан гэж сонсоход бага мэт санагдавч МИАТ-ээр жилд хичнээн хүн үйлчлүүлдэг, дээрээс нь хэдийнээс хойш хурааж хуримтлагдсан мөнгө гэдгийг санаад үзэхэд илүүдэхгүй байх.
Ердөө л зарим нэг гүйлгээг нь харахад л
2007.02.25-ны өдөр. 1 023 669 ам.доллар буюу нэг тэрбум 191 сая 550 мянган төгрөг.
2008.03.06-ны өдөр. 500 мянган ам.доллар буюу 586 сая 155 мянган төгрөг.
2008.03.19-ний өдөр. 759 мянга 670 мянган ам.доллар буюу 889 сая 292 мянган төгрөг гэх мэт мэтчилэнгээр тэрбум тэрбумаар нь нийт 20 удаагийн гүйлгээ хийсэн баримт байгааг “Өдрийн сонин” мэдээлжээ.
Энэ мөнгийг эхэндээ Гонконг руу шилжүүлдэг байснаа дараа нь буюу 2010 оны тавдугаар сараас Японы Токио банк руу шилжүүлсэн байдаг аж. Гэтэл хамгийн сонирхолтой нь МИАТ-ээс мөнгө шилжүүлээд байсан “Бест вэлф” гээч нь даатгалын компани ч бус зөвхөн цаасан дээрх компани байсан болж таарч байгаа юм. Гэтэл зарим нэг хүний хувийн компани, дансанд нь хөрөнгө оруулалт нэртэй асар их хэмжээний мөнгө орж ирээд байдаг… Энэ мэтчилэн хэрэг цааш хөвөрч магадгүй шинжтэй байна.
Ийнхүү МИАТ-ийн “мөсөн уул” руу өнгийснөөс хойш Хууль зүйн сайд Х.Тэмүүжин рүү довтлох довтолгоо ч ихэссэн гэсэн мэдээлэл бас байна. Ямар ч гэсэн МИАТ хэмээх их хэргийн учгаас татаж эхлэв. Магадгүй “Гэмт хэрэг шалгах тактикийн үүднээс зарлаж болохгүй зүйл бас байгаа” гэж хэлсэн нь ч бас нэгийг өгүүлж буй хэрэг болов уу.