УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нараас өргөн барьсан дээрхи хуулийн төсөл нь өмнөх хуулийн төслүүдээс иргэнд хялбар аргаар, өөрийн өмчлөлийн газартай болох, газар өмчлөлийг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг хууль санаачлагчид хэлж байлаа. Хуулийн төсөл санаачлагч Ц.Оюунгэрэл төслийн танилцуулгыг хийсний дараа байнгын хорооны гишүүд саналаа илэрхийлсэн юм. Энэхүү хуулийн төслүүдийг гишүүдийн олонхи дэмжиж, цаашид Газрын тухай хуулийн хамт хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүллээ. Үүний дараа Газрын тухай багц хуулийн төслийн ажлын хэсэг байгуулахаар санал хурааж УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Монгол Улсын нийт иргэдийн 93 хувь нь газраа өмчлөөгүй бөгөөд 2012 оны гуравдугаар улирлын байдлаар 302 мянга 352 иргэн газраа өмчилсөн гэсэн тоо байдаг аж. Нийт хүн амын 7.6 хувь нь буюу 91830 иргэн л газраа өмчилж авсан байна. Ингэхдээ дийлэнхи нь суурьшмал бүсэд байдаг юм байна.
Байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал нь 2013 оныг Байгаль орчны байнгын хорооноос “Ногоон хөгжил” болгон зарлах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хөтөлбөр боловсруулсан юм байна. Үүнийг тус хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.