Ж.Батзандан Ц.Оюунгэрэл сайдад ил захидал илгээв

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан Ц.Оюунгэрэл сайдад ил захидал илгээв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Уянга нарын өргөн барьсан хуулийн төсөл зарим нэг хүмүүсийг эмзэглүүлэхэд хүрчээ.  Төрийн өндөр албан тушаалтнуудын зарим нэг эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөлд “Улс үндэстний аюулгүй байдал, төрийн албан тушаалтны ёс зүй болон нийтийн ашиг сонирхлын үүднээс гадаад улсын харъяат эхнэр/нөхөр/-тэй иргэн нь төрийн өндөр албан тушаалд сонгогдох, томилогдох тохиолдолд  эхнэр/нөхөр/ нь Монгол Улсын иргэншилтэй болсон байх эсхүл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэмжсэн санал, дүгнэлтийг авсан байна” гэсэн заалтыг оруулсан нь бий. Эл заалтыг гадаад иргэнтэй гэрлэсэн хүмүүс хүндээр тусган авсан байна. УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа энэ талаар цухалзуулсан тул Ж.Батзандан гишүүн түүнд хандсан ил захидлыг өөрийн твиттэртээ тавьжээ. Захидалдаа “Миний бие хуульч, эрх зүйч хүн учраас аливаа хүний жам ёсны болон суурь эрх, эрх чөлөөг ямагт дээдэлдэг. Гэхдээ хүний эрх хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг, тодорхой хэлбэл албан тушаалтнуудын эрх түмэн олны эрхээр хязгаарлагдах учиртайг танд дуулгая” гэсэн байна. Үүнээс үзвэл УИХ-ын шазруухан гишүүдийн нэг Ж.Батзандан хуулийн төсөлд заасан заалтаасаа буцах сонирхолгүй байгаа бололтой. Түүнчлэн эл хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалд тооцогдох 200 орчим хүний гадаадад мөнгө байршуулах, казино тоглох, улсын зардлаар гадаадад эмчлүүлэх, архи тамхины бизнес эрхлэх, гадаад компанийн хувьцаа эзэмших зэрэг эрхийг хязгаарлахаар заагаад байгаа юм.

Д.ЦЭЭПИЛ

ЭРХЭМ ХҮНДЭТ САЙД, УИХ-ЫН ГИШҮҮН Ц. ОЮУНГЭРЭЛ ТАНАА

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Таны 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Өдрийн сонинд өгсөн таны ярилцлагыг уншлаа.

Миний өргөн барьж буй төрийн өндөр албан тушаалтнуудын зарим нэг эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл Таныг ихэд эмзэглүүлсэн бололтой.

Иймд миний бие доорхи тайлбарыг хүргүүлж байна.

Өргөн баригдахаар хэлэлцэгдэж буй хуулийн төсөл нь төрийн өндөр албан тушаалтан болох 200 орчим эрхэм гадаадад хөрөнгө мөнгө байршуулах, казино тоглох, улсын зардлаар дур зоргоороо гадаадад эмчлүүлэх, архи, тамхины бизнес эрхлэх, гадаадын аж ахуйн нэгжүүдийн хувьцааг эзэмших, тэдний лоббид автах, мөн аливаа шийдвэр гаргахдаа гадаад улс орнуудын эрх ашгийг төлөөлөхгүй байх зэрэг ашиг сонирхлын зөрчилөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа юм.

Түүнээс бус хэн нэгэн хувь хүн рүү чиглээгүй, улс төрийн ямар нэгэн далд санаа агуулаагүй болохыг таньд зориуд дуулгая. Ер нь аливаа хууль нь нийтлэг харилцааг зохицуулах замаар нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдэх учиртай.

Хуулийн төслийн 11.8-д: Улс үндэстний аюулгүй байдал, төрийн албан тушаалтны ёс зүй болон нийтийн ашиг сонирхлын үүднээс гадаад улсын харъяат эхнэр/нөхөр/-тэй иргэн нь төрийн өндөр албан тушаалд сонгогдох, томилогдох тохиолдолд доорхи шаардлагыг хангасан байна:

Үүнд: эхнэр/нөхөр/ нь Монгол улсын иргэншилтэй болсон байх эсхүл Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэмжсэн санал, дүгнэлтийг авсан байна гэсэн зүйл заалт орсон нь таны дургүйцэлийг мөн төрүүлсэн бололтой.

Миний бие хуульч, эрх зүйч хүн учраас аливаа хүний жам ёсны болон суурь эрх, эрх чөлөөг ямагт дээдэлнэ.

Гэхдээ хүний эрх хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг, тодорхой хэлбэл төрийн өндөр албан тушаалтнуудын эрх түмэн олны эрхээр хязгаарлагдах учиртайг танд дуулгая.

Шуудхан хэлэхэд төрийн өндөр албан тушаалтнуудад иргэний эрхээр халхавчлан дураараа дургих эрх байхгүй. Тэд илүү эрх эдэлдэгийнхээ төлөө илүү үүрэг, хариуцлага хүлээх учиртай.

Таныг хүндэтгэсэн,

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж