Сүүлийн үед кино ертөнцөд хит болж, ашиг орлогоор тэргүүлж буй Жеймс Бондын сүүлийн цуврал “Skyfall” кино нь нийгэмд ёс зүйгүй сэдэл санааг өгч байна гэсэн үндэслэлээр Хятадад гаргахыг хориглосон байна. Дэлхийн олон улс оронд box office-ийг тэргүүлсэн тус кинонд Жеймс Бонд Шанхай хотноо хамгаалалтын ажилтныг хөнөөж буй тухай гардаг, мөн Макао дахь биеэ үнэлэгчдийн садар самуун байдлыг ил тод гарган үзүүлдэг тул Хятадын эрх баригчид цензур тавьж, хориглосон гэж барууны хэвлэлүүд мэдээлж байна. Угаас улс төр, нийгэм, эдийн засаг гээд аль ч салбарын киног албан ёсоор хянаж шалгасны эцэст дэлгэцээр гаргахыг зөвшөөрдөг дүрэм Хятадад үйлчилдэг билээ.
Нэрт жүжигчин Даниэль Грэгийн тоглосон нууц тагнуулч 007 буюу Жеймс Бондын сүүлийн цуврал өнгөрсөн арванхоёрдугаар сард нээлтээ хийснээс хойш дэлхийн хэмжээнд 630 сая евро буюу нэг тэрбум гаруй ам.долларын орлого олоод байна.
Э.АНХТУЯА