Cуурин төлөөлөгчтэй санал солилцов

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Cуурин төлөөлөгчтэй санал солилцов

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геберсийг хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, энэ оны улсын төсвийн талаар санал солилцов.

Монгол Улсын 2013 оны төсөв нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу хийгдсэн, төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтэгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан, дэд бүтцийн хөгжилд нэмэр болох ихээхэн хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн зэргээрээ онцлог болсныг хатагтай Корали Геберс энэ үеэр дурдав. Монгол Улсын хувьд төсвийн хөрөнгө оруулалт зөв чиглэлдээ явж ирсэн ч эдийн засгийн чадавхи, тэнцвэрийг хангахын тулд анхаарууштай зарим асуудал байгааг тэрбээр хэллээ. Тухайлахад, энэ онд төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй гэж тусгасан хэдий ч ОУВС-гийн тооцоогоор зургаан хувьд хүрэх төлөвтэй, Дэлхийн банкны судалгаагаар 7-8 хувьд хүрч мэдэхээр байгаа аж. Иймээс зардлаа танах, орлогыг бодит байдалтай уялдуулж зөв тооцох, нэн ялангуяа “Чингис” бондын зарцуулалтад анхааралтай хандаж гол нь баялаг бүтээхэд ашиглах нь чухал байгаа, түүнчлэн бондын хөрөнгийг ашигласан мөнгөн дүнг төсөвт зөвөөр тусгах хэрэгтэй гэж үзэж буйгаа хэллээ.         

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хатагтай Корали Геберстэй санал нэг буйгаа дурдаад энэ оны манай төсөвт урсгал зардал нэмэгдсэн, иргэддээ хүртээх юм бага туссан тал бий. Гол нь Засгийн газар хэрхэн ажиллахаас төсвийн хувь заяа шалтгаална. Иймээс төсөв болон бондын асуудлаар хамтарч ажиллахын төлөө байна гэдгээ хэллээ. Мөн улс орны эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан тус банкнаас ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар сонирхлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж