Бүтэн нэр: Збигнев Казимеж Бжезинский
Төрсөн огноо: 1928 оны гуравдугаар сарын 28
Төрсөн газар: Тодорхой бус. Варшав эсвэл Харьков
Албан тушаал: Жон Хопкинсын нэрэмжит Олон улсын улстөр судлалын Их сургуулийн профессор, зөвлөх багш. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдлын албаны зөвлөх
Польш гаралтай улстөрийн онолч, АНУ одоогийн баримталж буй бодлогыг үндэслэгчдийн нэг түүнийг дэлхий даяар “АНУ-ын үзэл суртлын зэвсэг”, “Оросын эсрэг үзэлтэн” гэдгээр хүлээж авдаг. Дэлхийн улс орнуудын хоорондын харилцаа, улстөр, газар нутгийн асуудлыг хөндсөн “Агуу их шатрын хөлөг” хэмээх ном бичиж алдаршжээ.
Збигневийн эцэг нь дипломат албанд ажилладаг хүн байсан бөгөөд зарим эх сурвалжид түүнийг Харьков дахь Польшийн ЭСЯ-нд төрсөн гэж өгүүлсэн байдаг. Харин эцэг нь түүнийг ЗХУ-д биш Варшавт төрсөн гэж баталсан байдаг аж. Эцэг Тадеуш Бжезинский нь Польшийн нэртэй дипломатуудын нэг байсан бөгөөд Гитлерийн Германыг эх оронд нь халдан довтлох хүртэл Польшийн улстөрийн тавцанд бараг Германы холбоотон гэмээр үүргийг гүйцэтгэж байжээ. Дайн эхлэх үед Канадад ажиллаж байсан Тадеуш 50-иад оны үед АНУ-ын иргэн болсон ажээ. Збигнев Бжезинский Макиллын их сургуульд магистрын зэрэг, Гарвардын их сургуульд докторын зэрэг хамгаалж, улмаар 1961 оноос Колумбийн их сургуульд ажиллах болжээ.
1960-аад оноос түүний дэвшүүлсэн онол олны сонирхлыг татаж эхлэн, Ерөнхийлөгч Жон Кеннеди, Линдон Жонсон нарын бодлогын зөвлөхөөр ажиллах болжээ. Збигнев 1977-1981 онд Жимми Картерын засаг захиргаанд багтан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөхөөр ажиллаж байв. Энэ үедээ олон чухал шийдвэрт нөлөөлсөн бөгөөд ЗХУ Афганистанд цэрэг оруулсны дараа Ж.Картерт “Вьетнамын дайнд үзэж туулсныгаа ЗХУ-д амсуулах боломж гарлаа” хэмээн хэлсэн гэдэг. Дээрх зөвлөгөөний ачаар АНУ Афганистаны можахедуудыг дэмжих болсон билээ.
Дэлхийн улстөрийн ирээдүйн үйл явцын нэлээдгүй хэсэг нь түүний толгойд боловсорч байдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Жишээлбэл НАТО-г дорнод Европ руу өргөжүүлэх үйл явц түүний санаачилгаар явагдаж байгаа. Тэрбээр Билл Клинтоны засаглалын үед энэ ажлыг санаачилсан юм.
З.Бжезинский АНУ олон улсын тавцанд гол үүрэг гүйцэтгэдэг байх боломжийг эрэлхийлдэг хэрнээ ЗХУ/ОХУ-ыг тууштай эсэргүүцэгч нэгэн. Тиймдээ ч Чечений салан тусгаарлагчдыг тууштай дэмжиж, Аслан Масхадовыг амь үрэгдэхэд нулимс унагасан гэдэг. Ижил сонирхолтой хоёр гүрний талар зөрүүтэй байр суурь баримталсан нь түүний нэр хүндийг мэргэжил нэгтнүүдийнх нь дунд унагаж, “жинхэнэ сэтгэгч” биш гэсэн зэмлэл сонсоход хүрсэн.
Жишээлбэл тэрбээр “Орос улс Чечень, Афганистанд шударга бус ажиллагаа явуулсаар байх юм бол тэд хэзээ нэгэн цагт эргүүлээд “гэнэтийн бэлэг” барих болно” гэж хэлсэн хэрнээ Афганистанд цэрэг оруулахыг хамгийн түрүүнд дэмжсэн байх юм. Улстөрийн талаарх З.Бжезинскийн мэдлэг тйим ч муугүй гэдэг нь “Шатрын их хөлөг. АНУ-ын байр суурь ба геополитикийн амин чухал бодлого” хэмээх бүтээлээс нь харагддаг. Гэхдээ дээрх бүтээлдээ зарчмын алдаа их гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл тэрбээр нэг улсын ашиг сонирхлыг хэрхэн илэрхийлэх вэ гэдгийг л бодож явдаг гэдгээ номныхоо нэрнээс эхлэд илэрхийлсэн. Тиймээс түүнийг улстөрийн асуудлыг цогцоор нь шийдэхийг эрэлзэж асан Роберт Алан Даль, Жан Жак Руссо зэрэг онолчидтой харьцуулах аргагүй юм.