
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус компанийн ажилтнууд Үйлдвэрчний эвлэлийн хороондоо хандаж компанийн удирдлагуудад доорхи асуудлуудыг тавьж байжээ. Үүнд:
- Монгол ажилтнуудын цалин хөлсний хэмжээг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
- 40 хоног ажиллуулж 20 хоног амруулах хуваарийг багасгах
- Ажилтнуудын амьдрах байр, ажиллах орчныг сайжруулах гэсэн асуудлууд багтсан юм байна.
Энэ хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллах үеэрээ цалин нэмэгдүүлэх талаар компанийн удирдлагуудтай зөвшилцсөн боловч хэрэгжилт удааширсанаас компанийн ажилтнууд ажил хаяна гэж мэдэгдсэн аж. Тиймээс Хөдөлмөрийн яамнаас холбогдох агентлаг, холбоо, үйлвэрчний эвлэлийн хороо тус компаний удирдлагуудыг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж, байр суурийг нь сонссон юм.
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнуудын үзэж байгаагаар Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу монгол ажилтнуудын цалинг 2013 оны нэгдүгээр сарын1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх. Мөн 2012 оны арваннэг, арванхоёрдугаар сарын цалингийн нэмэгдлийг олгохдоо хээрийн болон удаан жилийн нэмэгдлийн мөнгийг үндсэн цалин дээр нэмж олгосон нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй адил зүйл болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, үндсэн цалинг нэмэгдүүлээгүй гэнэ.
Харин “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагуудын зүгээс өөрсдийн нөөц бололцоо, судалгаа шинжилгээнд тулгуурлан ажилтнуудын цалинг тодорхой хувиар нэмж, цалингийн хүснэгтэд шинэчилсэн өөрчлөлт хийсэн гэлээ.
Харин Газрын тос олборлолтын газраас тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, эрсдэл дагуулж удаан хугацаанд өгөөжөө өгдөг учир энэ асуудалд хоёр тал холбогдох хууль журам, бодлогын хүрээнд зохицож ажиллахыг хүсч байв. Эцэст нь тус компанийн удирдлагууд холбогдох хүмүүстэй зөвшилцөж ажилтнуудтайгаа уулзаад Засгийн Газраас тавьсан шаардлагын дагуу цалин хөлсийг бодитой нэмж, ажиллах орчныг сайжруулах асуудлыг шийдэж, эргээд хариу өгөх болно гэдгээ амлалаа.