&#34Нефть борлуулагчдыг хариуцлагатай болгоно&#34

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

&#34Нефть борлуулагчдыг хариуцлагатай болгоно&#34

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас дараах тодруулгыг хийлээ. 

-Хуулийн төслийг өргөн мэдүүлэх болсон шалтгаан юу вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор олон бодлого хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүний нөөцийг 60 хоногт хүргэсэн, бөөний худалдаанд татварын хөнгөлөлт эдлүүлдэг байсныг өөрчилсөн байгаа. Монголбанкнаас нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг савлуулахгүйн тулд худалдан авалтад зориулж импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгосон гээд тодорхой арга хэмжээнүүдийг нэрлэж болно. Гол нь нефтийн бүтээгдэхүүний бөөний худалдаан дээр тусгай зөвшөөрөл олгодог байсныг одоо жижиглэнгийн үнэ дээр бас мөрдүүлэхээр энэхүү төсөлд тусгалаа. Учир нь төр засгаас нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ дээр хамтарч ажиллаж байгаа учраас тусгай зөвшөөрөлд хамруулах нь зүйтэй гэж үзсэн. Яагаад гэвэл нефть импортлогч аж ахуйн нэгжүүд нь хууль зөрчвөл төрөөс авах арга хэмжээ нь ердөө тусгай зөвшөөрлийг нь хураах гэсэн заалт байдаг. Тэгэхээр үүнээс наана захиргааны арга хэмжээ авах шаардлагатай байна гэдэг үндэслэлээр ийм төсөл өргөн мэдүүллээ гэж давхар ойлгож болох юм даа.

-Захиргааны хариуцлага ногдуулах тухай ярихаар Шударга өрсөлдөөний тухай хуультай хэр уялдаж байгаа вэ?

-Нефть импортлогч аж ахуйн нэгж нь үгсэн хуйвалдаж үнээ зохиомлоор хөөрөгдсөн бол Шударга өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагддаг.  Хөнгөлөлттэй зээл авсан бол гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ хүрээндээ мэдээллээ үнэн зөв гаргаж өгөх шаардлага байгаа. Хэрвээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол Захиргааны хариуцлага хүлээлгэх юм. 

-Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хүрээнд Монголбанкнаас энэ талын бүтээгдэхүүн импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгох чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэвч бензин, шатахууны үнэ өсөөд байдгийн шалтгаан нь юу юм болоо. Нийт хэдий хэмжээний зээл олгосон бэ, аж ахуйн нэгжүүдэд?

-Зээл олгох нь олгосон, найман хувийн хүүтэй зээл олгодог байсныг дөрвөн хувийг нь хөнгөлөөд зээл олгосон. Тэр компанийн шатахууны тайланд зээлийн хүүгийн зардал гээд байгаа. Тэр нь 36500 байгаа, түүнийг нь 12000 болгосон. Тэгэхдээ дөрвөн сар дараалан нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ нэмэгдсэн шүү дээ. Дээрх арга хэмжээг аваагүй бол нефтийн бүтээгдэхүүний үнэ 50 төгрөгөөс илүү үнээр өсөх байсан. Монгол Улс хойд хөршөөс нефтийн бүтээгдэхүүний хувьд 100 хувь шахам хараат гэдгээ ойлгох хэрэгтэй.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж