&#34Үнэнийг хэлэхэд дундчууд л багш болох гэж ирдэг&#34

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

&#34Үнэнийг хэлэхэд дундчууд л багш болох гэж ирдэг&#34

МУБИС-ийн харьяа Монгол судлалын сургуулийн захирал, доктор Ц.Өнөрбаянтай ярилцлаа.

-Сүүлийн үед хүмүүс монгол хэл мөхлөө, харь үгийг их хэрэглэж байна, монгол хэлний хичээлийн сургалтын чанар муудлаа гэж шүүмжлэх болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ер нь 1990-ээд оноос хойш нийгмийн сэтгэлгээ харьцангуй өөрчлөгдсөн. Сэтгэлгээ өөрчлөгдөхөөс гадна үндэсний гэх тодотгол бий болж эх хэлээ хайрлан хамгаалж, санаа тавьдаг хүн олон байна. Гэхдээ нэг хэсэг нь шүүмжлэх нь зөв.  Ялангуяа үндэсний бахархал болсон эх хэлээрээ зөв сайхан бичих, ярьдаг байх нь чухал. Энэ тал дээр иргэд төдийгүй төр засаг ч анхаарал хандуулж байна. Хэлний онолын, мэргэжлийн нарийн үг хэллэгийг мэддэггүй ч юм уу, гарч буй алдааг ажигладаг хүмүүс  монгол хэл мөхөх гээд байгаа юм шиг,  хэрэглээний үгийн дийлэнх нь харь үг болчихсон мэтээр яриад байна.

Гэвч тийм биш. Төрийн албан ёсны хэлний тухай хууль гарлаа. Энэ хууль гарсан нь нэг талын дэвшил. Иргэд эх хэлнийхээ боловсролын чанарт их анхаардаг болсон. Монгол хэл мөхөх аюулын харанга дэлдэх болоогүй. Яагаад вэ гэвэл хэл хэрэглэгчгүй болсон цагт л мөхнө. Монгол хэл гэдэг бол дэлхийн цөөхөн тоотой хүн ам мэддэг хэдий ч маш эртний агуу хэл. Нийгмийн хөгжлийн явцад хэлэнд сөрөг талын зүйл байнга тохиолддог. Тэр тусмаа харь үггүй үндэстэн, улс орон гэж хаана ч үгүй. Ер нь бол оновчгүй монгол үгнээс оновчтой харь үг дээр байдаг. Монгол хэлэнд сүүлийн үед Европ болон Өрнө дахинаас маш олон харь үг орж ирсэн. Гэхдээ дуртай үедээ харь үгийг авч хэрэглэх буруу. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Харь үгийн журам гаргах ёстой. Энэ талаар манай хэлний мэргэжилтнүүд санаа тавьж байгаа. Хүмүүсийн хэл ярианы түвшин янз бүр. Тиймээс сайн хүмүүсийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ илүү сайн болгохын тулд албан ёсны хэлийг ашигладаг хүмүүс анхаарах хэрэгтэй.

-Танайх багш бэлтгэдэг гол сургууль. Багш нарын  чадвар муу байна гэж шүүмжлэх болсон. Та нэг удаа “Манай сургуульд дундчууд элсдэг болжээ. Бид чадах чинээгээрээ сургаж арай дээр болгоод төгсгөдөг” гэж ярьсан байсан?

-Эх хэлний сургалтын чанар, хэрэглээ олон зүйлээс шалтгаалдаг. Гэр бүлийн хэлний хэрэглээ хүүхдийн хүмүүжилд их нөлөөлж байна. Хоёрдугаарт сургууль  орж байгаа юм. Ерөн­хий боловсролын сургуулийн монгол хэл уран зохиолын багш нараас  зуун хувь шалтгаалдаг гэдэгтэй би санал нийлдэггүй. Ер нь сургуулийн орчинд бүх багш зөв бичих, ярих тал дээр анхаарч бас сургах үүрэгтэй. Харин монгол хэл, уран зохиолын багш нар түүний онолыг заах хэрэгтэй. Энэ тал дээр дутагдал бий. Боловсролын их сургуульд багш болох гэж ирж байгаа оюутны чанар сайн гэж хэлж чадахгүй. Би монгол хэл бичгийн зохион байгуулах хорооны даргаар олон жил ажилласан. Гэтэл энэ олон оюутнаас улсын чанартай олимпиадад эхний гурван байр эзэлсэн зургаан сурагч л манай сургуульд байдаг байсан. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар муудсан гэж хэлж болно. Олон дундаас сайн хүүхдүүд байлгүй яах вэ. Гэвч нуулгүй хэлэхэд дундчууд элсч байна.  Бид чадах чинээгээр  хичээгээд  дундчуудыг арай дээр хэмжээнд болгоод төгсгөдөг. Тэд аль нэг сумын сургуульд очоод өөрийнхөө мэдлэгийн хэмжээгээр л хүүхэд сургана шүү дээ. Багшийн сургуулийг дундаж хэмжээнд төгссөн нөхөр сумын сургуульд хичээл зааж байхыг хараад яадаг бол гэж сэтгэл эмзэглэдэг.

-БШУЯ-наас их, дээд сургуулийн босго оноог өндөр болгож, суралцаж байх хугацаандаа хангалтгүй дүн авсан бол  диплом олгохгүй гэсэн. Ийм бодлого бариад байвал оюутнуудын сургалтын чанар сайжрах байх. Тийм үү?

-Энэ их чухал бодлого. Би хувьдаа их дэмжиж байна. Боловсролтой чадвартай хүнийг багш болгох ёстой. Манай нийгмийн сэтгэлгээ, хандлага буруу байна. Монгол хэл, уран зохиолын багш нарын тоо хэт олширсон. Тиймээс Ерөнхий боловсролын сургуульд багш ажилд авахдаа сайныг нь сонгох хэрэгтэй. Ер нь тендер зарладаг болсон ч буруудахгүй. Босго оноог өндөр болгоно гэдэг нь багш мэргэжлийг эзэмших хугацаанд бүх зүйлийг сайн судлах хэрэгтэйг оюутнуудад анхааруулж буй дохио. Тухайлбал, монгол бичиг, уран зохиол, монгол хэлний тал дээр чадварлаг нарийн мэдрэмжтэй байх ёстой. Тиймээс боловсролын үр дүн нэг жилийн дотор гарахгүй. Дөрвөн жилийн дараа өөрчлөлт гарна гэж бодож байна. Манай босго оноо одоо 800 байгаа. Гэхдээ 400 оноотой хүүхэд ирээд багш болно гээд зүтгээд байхаар нь авчихдаг. Ялангуяа монгол хэл, уран зохиолын ангид орж буй оюутнуудын ерөнхий шалгалтын оноо өндөр байх ёстой. Багш бэлтгэхэд тавьдаг бүх шаардлагыг тавина. Хүүхдийн бичсэн алдааг утга зохиолын хэмжээнд засаад, найруулаад, зөвлөгөө өгчихдөг хэмжээний байх хэрэгтэй.

-Та ерөнхий боловсролын сургуулийн  сурах бичиг зохиох  багт олон жил ажиллаж байна. Сурах бичгийн агуулга ямар түвшинд байгаа вэ?

-Монгол хэлний сурах бичгийн агуулга 1990-ээд оноос хойш огт өөр болсон. Зорилго нь ч мөн адил өөрчлөгдсөн. Хуучин хэлц үг дээр тулгуурладаг байсан.  2005 оноос эхлээд монгол хэл, уран зохиолын хичээлийн  агуулга  их өөр болсон. Боловсролын стандартын дагуу зөв сайхан ярьдаг, бичдэг, уншдаг, чадвартай болгохыг зорьсон. Хэлц заадаг тогтолцоог халсан. Багш нар мэдлэг сэтгэлзүйн хувьд бэлтгэгдээгүй байсан болохоор сурах бичгийн агуулгад өөрчлөлт ороход бэрхшээл тулгардаг. Гэхдээ одоо харьцангуй цэгцэрсэн. Жишээлбэл, наймдугаар ангийн монгол хэлний сурах бичиг байлаа гэхэд аян замын тэмдэглэл, хөрөг, өргөдөл яаж бичих тухай орсон байгаа. Эцэг эхчүүд үүнийг ойлгохгүй няцаах тал их гардаг. Зарим сурах бичгийн агуулга хүндэдсэн тал бий. Түүнийг эхнээс нь засаад явж байгаа. Хүүхдийг багаас нь зөв, алдаагүй бичүүлж сургах шаардлагатай. Энэ нь хүн бүр эзэмших ёстой энгийн боловсрол. Зөв сайхан найруулж, бичиж, унших чадвар хүн бүрт хэрэгтэй.

Нэр томьёог замбараагүй өөрчилснөөс болоод ойлголтын зөрүү гарсан тал бий. Энэ  асуудал одоо цэгцэрч байгаа. 2008 оноос эхлээд ерөнхий боловсролын сургуулийн нэр томъёо нэг байх ёстой гэдэгтэй бат зогссон. Аль ч багшаас асуусан нэр томъёо нэг болсон.
-Нэр томьёо гэлтгүй зарим үгийн хэрэглээг нэг стандартад оруулж болдоггүй юм уу?
-БШУЯ-наас бидэнд журамласан нэг дүрмийн номтой болохыг үүрэгдсэн. Энэ ном байгаа тохиолдолд ямар ч үг дээр зөрөх шаардлагагүй. Зөв бичгийн дүрмийг бага ангиас нь эхлээд сургах  хэрэгтэй. Сүүлийн үед агуулга аргазүй өөрчлөгдөж байна гээд сурах бичигт дүрэм бага оруулдаг болсон. Ер нь 1-5 дугаар ангид гадаад хэл заахгүй байвал зүгээр. Тэгвэл хүүхдийн тархинд үндэсний сэтгэлгээ сууна. Гэтэл бага ангиас нь англи хэл үзээд ирэхээр хоёр хэлийг холиод харь үгийн хэрэглээ хяналтгүй болоод байна.

-Журамласан толь хэзээ бэлэн болох вэ?

-Энэ тийм амархан ажил биш. Хоёр жилийн дараа л бэлэн болох байх.  Зарим зүйлээс шалтгаалаад цаг алдаж магадгүй. Журамласан толинд цэг, тэмдэг таслал гээд бүх зүйлийг багтаана. Нэг үгийг тав, зургаан төрлөөр бичдэг зүйл ч бий. Үүнийг ч гэсэн цэгцлэх байх.  Ер нь бол дүрмээр бичдэг үгийг хэзээ ч алдаж болохгүй шүү дээ. Бид аль болох монгол хэлний язгуур бүх үгийг оруулахаар л ажиллаж байна. Ерөнхийдөө Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон дүрмийг баримтлая гэж хэлэлцсэн. Ойролцоогоор гурван сая үг багтах байх. Гэхдээ монгол хэлний үгийн сан төчнөөн үгтэй гээд тогтоочихсон зүйл одоогоор алга. Бас Ц.Дамдинсүрэн гуайгаас илүү дүрэм боловсруулсан эрдэмтэн гарч ирээгүй л байна шүү дээ.

-Олон улсын жишигт нийцсэн сургалт явуулахын тулд  Кембрижийн  стан­дартыг нэвтрүүлэх хэрэгтэй гээд туршиж эхэлсэн. Энэ нь монгол хэлний хичээлд сөргөөр нөлөөлнө гэсэн үг үү?

-Кембрижийн их сургуулийн сургалтын арга зүй, зохион байгуулалтыг оруулж ирнэ гэдэг боломжтой. Түүнийг өөрийн хөрсөндөө зөв суулгаж өгөх хэрэгтэй. Түүнээс биш тэр чигээр нь хуулбал манайд тохиромжгүй. Бүгдэд нь англи хэл заагаад, учир утгагүй баахан хичээлээр дараад байвал үр дүнгүй. Манайх юмыг туйлшруулж авдаг шүү дээ. ЕБС-ийн тавдугаар анги хүртэл  битгий гадаад хэл заагаарай гэж захидаг хүний нэг нь би. 

-Гудамж талбайн хаяг рекламыг англи, хятад гээд олон улсын хэлээр бичдэг болсон. Үүнд та хэрхэн ханддаг вэ?

 -Энэ асуудалд шүүмжлэлтэй хандах нь зүйтэй. Монгол ямар бичиг үсэгтэй орон бэ гэдгийг мэдэхэд бэрх болгож байна. Төрийн хэлний тухай хууль гэж бий. Түүнд бичиг үсгийн бодлогын талаар тодорхой тусгасан шүү дээ. Хууль хэрэгжихгүй байгаагийн нэг баталгаа нь албан байгууллагуудын хаяг, гудамжны сурталчилгааны самбар. Хуулиа мөрдөх хэрэгтэй.

Б.ГАНАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж