
Жил гаруйн өмнөөс сураг нь дуулдаж, Ерөнхийлөгчөөр овоглосон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль тун ч удаан “дуншиж” байгаа. 1998 оноос хойш нэг ч удаа шинэчлэгдээгүй энэ хууль, улс орны төсөв батлахаас илүү “хоржоонтой” нь бас л сонин. Ирэх оныхоо төсвийг батлахдаа парламентын гишүүд яаж яралзтал гар өргөж байсныг тод санаж байна. Гэтэл Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн асуудлаар 10 удаа хуралдаж, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн ч баталж чадахгүй байгаа. Бүр болохоо болиод оны өмнө ажлын хэсэгт нь буцааж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нягталж тусгах үүрэг хүлээлгэсэн билээ. Ерөнхийдөө бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд хариуцлагын тухай чамлалттай тусгасан гэж үзсэн юм билээ. Ийнхүү гологдоод байсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт нүүрээ угааж, гоёлоо зүүн эргэн ирэхдээ, гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээгээд амжив. Гэхдээ гишүүдийн маргаан хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хангахаас илүүтэй “хязгаарлах”, “торгох”, “хаах” гэсэн үгстэй их “найзархуу” байв. Тухайлбал, саяхан л Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах санал гаргаж, төслийг яаралтай хэлэлцэх хүсэлт тавьж явсан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ сэтгүүлчдийн ажиллах эрхийг түдгэлзүүлж, хэвлэн нийтлэх эрх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах тухай ярьж байх аж. Энэ явуургүй үг нь гишүүдийн шүүмжлэлтэй тулгарч газар авалгүй шалбаагт унасан. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж олигархижсан Монголын нийгэмд хэвлэлийн эрх чөлөөг тунхаглана гэдэг яриад хэрэггүй мөрөөдөл төдийхөн гэдгийг хэлж байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг нь хэдэн олигархи хувааж авчихаад өөрийгөө магтуулж, өрөөлийг муулуулж суудаг учраас тэр юм гэсэн. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагуудыг “мангасууд”-ын гараас хэрхэн булааж авах заалтыг нарийн тусгах хэрэгтэй гэж байлаа. Харин хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус, бие даасан байх асуудлыг ингэж тусгасан байна. Хуулийн төслийн 8.1-д “Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нарын ашиг сонирхлоос хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулна”. 8.2-т “Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нь редакцын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно”, 8.3-т “Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн эрхлэгч нь үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчтэй хараат бус байдлыг хангах талаар гэрээ байгуулна” гэсэн заалтуудыг тусгаж өгсөн байгаа юм. Харин үүнийг буруу гэж үзэх хүн цөөнгүй байсан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зөвлөх хатагтай Ч.Сосормаа энэ талаарх заалтуудыг авч хаях талаар ч ярьж байсан юм. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэвлэл мэдээллийн байгууллагыг хувийн өмч хэмээгээд үйл ажиллагаа, нийтлэлийн бодлогод нь төр оролцвол ардчиллын үнэт зүйлээс ухарч байгаа хэрэг гэсэн өмгөөлөл, егөөдлийн аль нь мэдэгдэхгүй саналыг хэлж байсан юм.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд байгаа гишүүдийн дунд маргаан дэгдээн, “гацаа” болоод байгаа бас нэгэн заалт нь хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах, тухайн зөвлөлийг заавал Ерөнхийлөгч мэдэж томилж байхаар тусгасан явдал. Энэ зөвлөлийг заавал Ерөнхийлөгч дур мэдэн томилдог байх нь гишүүдэд таалагдаагүй. Уг нь энэ зөвлөл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэлсэн, нэвтрүүлсэн мэдээллийн улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн хүмүүсийн өргөдөл гомдлыг хүлээн авч хэлэлцэж, анхны шийдвэрийг гаргаж байх зорилготой юм билээ. Гэхдээ зөвлөл байгуулахыг дэмжих санал давамгай байсан.
Төсөлд сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхээ эдлэх заалт оруулж ирсэн нь анхаарал татаж байгаа. Ингэхдээ хоёр тохиолдолд нууцлах зохицуулалт оруулж өгчээ. Эхнийх нь эх сурвалжийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй, хоёр дахь нь эх сурвалжийн албан тушаал, алдар хүнд, орлогод хохирол учирч болзошгүй үед эх сурвалжаа хэлэхгүй байх эрх эдэлнэ гэж байгаа. Үүнийг ганц сэтгүүлч биш тухайн сэтгүүлчийн ажилладаг байгууллага ч хамт эдлэхээр байгаа юм. Харин эх сурвалж өөрөө хүлээн зөвшөөрсөн нөхцөлд ил тод болгох боломжтой хэмээн заасан нь анхаарлын төвд байгаа юм. Сэтгүүлчээр эх сурвалжийг нь хүчээр хэлүүлэх, дарамт үзүүлэх юм бол тухайн этгээд хариуцлага хүлээх тухай заалтыг оруулж өгсөн юм. Үүнээс шалтгаалан зарим гишүүн сэтгүүлчийн хурц хэлнээс айсандаа “хаах”, “хязгаарлах” талаар ярьсан байж мэдэх юм. Ийнхүү он дамжин түүчээлж, олон саадтай тулгарсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл энэ долоо хоногт парламентын босго давж магадгүй юм.
Ч.БАТМААЭх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
