Уго Чавесын бие сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Уго Чавесын бие сайжирчээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын бие сайжирч, тоглоом наадам хийхийн зэрэгцээ заавар зөвлөгөө өгч эхэлсэн тухай Венесуэлийн Гадаад хэргийн сайд Элиас Хауа мэдээлжээ. Тус улсын төрийн тэргүүн Уго Чавес өнгөрсөн аравхоёрдугаар сарын дундуур Кубад мэс засал хийлгэсний дараагаар бие нь эрс муудсанаас ард иргэдийнхээ өмнө гарч ирэлгүй удсан билээ. Кубын эмч нарын мэдээлж буйгаар Уго Чавес энэ сарын эхээр сэхээнд байсан хэдий ч сүүлийн хэдэн өдрүүдэд бие нь эрс сайжирч байгаа тул удахгүй эх орондоо буцаж магадгүй гэнэ. Венесуэлийн саяхан томилогдсон Гадаад Хэргийн сайд Элиас Хауа Ерөнхийлөгч Уго Чавестай уулзахаар Кубын Гавана хотод айлчлаад байгаа бөгөөд тэрээр “Нөхөд өө, Би Ерөнхийлөгч Уго Чавестай уулзлаа. Түүний бие сайжирсан байна. Бид хамтдаа онигоо ярьж, инээлдсэн” гэж “Twitter”-тээ бичжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Уго Чавес удахгүй болох Латин Америкийн чуулга уулзалтад Венесуэл улс оролцох талаар зарим нэг заавар зөвлөгөө өгсөн байна. Гэхдээ зарим хүмүүс Ерөнхийлөгчийн бие сайжирсан гэдэгт эргэлзэж, “Уго Чавес сайд нартай ярьж чадаж байгаа юм бол ард түмэндээ хандаж үг хэлэхгүй байгаа юм бэ” хэмээж байгаа аж. Үүний зэрэгцээ Венесуэлийн албаныхан Ерөнхийлөгч Уго Чавесийн бие сайжирч, эх орондоо ирсний дараа түүнийг нийслэл Каракас хотын цэргийн эмнэлэгт хэвтүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж