Ю.Тимошенког яллахын тулд хүн амины хэрэгт гүтгэв үү

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Ю.Тимошенког яллахын тулд хүн амины хэрэгт гүтгэв үү

Украйнд удахгүй “Золиос” гэсэн нэртэй Ю.Тимошенкогийн дэмжигчид жагсаал, цуглаан зохион байгуулах талаар “Итар-Тасс” агентлаг мэдээллэв. Учир нь түүнд оноосон шүүхийн ялаас гадна дахин нэг хэрэг үүсгэж, шалгуулж эхлээд байгаа билээ. Украйны Ерөнхий прокурор Дээд радын депутат асан Евгений Щербанийн алагдсан хэргийг мөрдөж дууссан бөгөөд Юлия Тимошенког сэжигтнээр татаад буй. Мөн Павел Лазаренког сэжиглэж буй талаар тус улсын Ерөнхий прокурор Виктор Пшонка албан ёсоор мэдэгдсэн. Хэрэв энэ хэрэг дээрх хоёр улс төрчдөд хамааралгүй бол Виктор Пшонка гүтгэлэг хийсэн гэсэн үндэслэлээр баривчлагдах юм. Харин тэрбээр “Ю.Тимошенко болон Павел Лазаренко дээрх хэргийг захиалсан нотлох баримтууд мөрдөн байцаалтын үеэр нотлогдсон. Тиймээс хэргийг дуустал нь шалгаж, шүүх рүү удахгүй шилжүүлэх байх” хэмээсэн юм.

Албан ёсны мэдэгдлийн дараа хэвлэлийнхэн шуугиж, Ю.Тимо­шенког дэмжигчид жагсаал зохион байгуулах, эрхийг нь хамгаалах талаар мэдэгджээ. Мөн шаардлагатай гэсэн тохиолдолд өлсгөлөн зарлахаа ч амласан билээ.  Ерөнхий прокурор Харьков дахь шоронгийн дарга руу энэ талаар албан ёсны бичиг хүргүүлж, байцаалтад дуудах болсон талаар мэдэгджээ.

Хэрвээ энэ хэрэг шүүхээр Ю.Тимошенкогийн  эсрэг шийдэгдэх юм бол түүнийг бүх насаар нь хорих шийдвэрт хүрэх аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар  захиалагчид Щербанийг хөнөөснийх нь төлбөрт гэж 2.8 сая ам.долларыг төлснийг тогтоосон төлбөрийн хуудас, данс тодорхой болсон байна.

Тус улсын Ерөнхий прокурор Дээд радын депутат Евгений Щербан агсан нь 1996 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Донецскийн нисэх буудал дээр бусдын гарт амь насаа алдсан билээ. Улмаар дээрх хэргийг үйлдсэн Вадим Болотскихыг Донецскийн шүүх бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм. Харин тухайн үед захиалагч нь хэн болох, ямар учраас амь насанд нь халдах болсон нь тодорхой бус хэвээр үлдэж байсан.

Харин олон улсын ажиглагчид үүнийг арай өөр өнцөгөөс тайлбарлаж байна. Тэд “Ю.Тимошенко давж заалдах онцгой үндэслэл бий. Түүнд Украйны шүүхээс тэнсэн харгалзах ял, их хэмжээний мөнгөн торгууль ноогдуулах эрх зүйн үндэслэл байгаа болоод өөр хэрэг давхар оногдуулахаар болсон байх магадлалтай. Тэгэхийн тулд маш болгоомжтой, цэвэрхэн бүх зүйлийг зохион байгуулсан байх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Дээд Рад хэргийг давхар шалгах, танилцах ёстой талаар хэвлэлүүд онцолсоор байна. Учир нь энэ хэрэг шүүхээр шийдэгдэх юм бол цэвэр “улс төрийн” чанартай болох нь ойлгомжтой аж. Нотлох баримт хангалттай гэж үзсэн тохиолдолд Ю.Луценко болон Ю.Тимошенко бүх насаараа Харьковийн шоронд хоригдоно. Тус улсын парла­ментын бүлэглэлүүд ч энэ суудал дээр оролцох эрхтэй гэдгийг Ю.Тимошенкогийн өмгөөлөгч онцол­сон. Харин тус улсын Дотоод хэргийн яамыг хэргийн талаар парламентад танилцуулах, нотлох баримтуудыг олны өмнө нээлттэй зарлах үүрэг зарим гишүүд өгсөн байна.

“Удар” намын дарга Виталий Кличко “Хэрвээ улс төрийн шинж чанартай дээрх үйл ажиллагаа, хууль бус арга хэмжээ, олны санаа сэтгэлийг хуваасан хэрэг Ю.Тимошенкод тулгасаар байх юм бол парламентын гишүүдийн болон Ерөнхийлөгчийн санал хураалтыг энэ жилдээ багтаан явуулахыг шаардаж байна. Би өмнө нь энэ талаар зохих ёстой хүмүүст албан бичиг хүргээлж байсан” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Харин “Батькивщина” намын тэргүүн, Украйны парламентын гишүүн Сергей Соболев “Энэ мэт улс төрийн цэвэр гүтгэлэг хийсээр байх юм бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно” хэмээн мэдэгдсэн.

Өнгөрсөн ням гарагт Ерөнхий прокурор Виктор Пшонка гадаадын төлөөлөгч, хэрэг бүртгэгч нартай уулзалт хийсэн бөгөөд ОХУ, Польш, Франц, Их Британи, Дани, АНУ, Швецари, ХБНГУ болон Канадын төлөөлөгч нарт хэргийг баримттай нь танилцуулжээ. Улмаар энэ долоо хоногт шүүх рүү шилжүүлэх болно гэдгээ ч мэдэгдсэн байна. Энэ үеэр тэрбээр “Энд ямар ч улс төрийн гүтгэлэг байхгүй. Нотлох баримтаар хэрэг тодорхой болсон. Гадны төлөөлөгчид үүнийг ойлгох хэрэгтэй. Энэ нь Европын холбоо болон АНУ тэргүүтэй барууны орнууд Ю.Тимошенкогийн хэрэгт хөндлөнгөөс оролцдогтой холбоотой” гэсэн мэдэгдлийг хийжээ.

Хамгийн гол нь тус улсын  санхүүгийн томоохон корпораци болох “Атон”-ны төлөөлөгч хэргийг Ю.Тимошенкотой холбоотой болох гал баримтыг гаргаж ирсэн аж. Өнгөрсөн жилд Украйны Ерөнхий прокурор Дээд радын депутат асан Евгений Щербанийны хүү Ю.Тимошенког аллагад сэжиглэж буй баримтуудыг холбогдох газарт хүлээлгэн өгснөөр хэрэг эхэлсэн аж.

Харин өчигдөр экс Ерөнхий сайдын өмгөөлөгч Сергей Власенко “Дээд радын депутат асан Евгений Щербанийны үхэлд экс Ерөнхий сайд ямар ч буруугүй гэдэг нь баримтаар нотлогдсон. Олны өмнө дэлгэсэн нотлох баримт гээд байгаа зүйл ямар ч ор үндэслэлгүй, худал хуурмаг зүйл байна. Би дөнгөж сая нотлох баримттай танилцлаа. Хэрэг үүсгэх ямар ч үндэслэл алга. Цэвэр гүтгэлэг гэж дүгнэж байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Ямартай ч сэжигтнээр татагдаад буй Ю.Тимошенкогийн хувьд хэрэг хэрхэн шийдэгдэх нь тус улсын дээд шүүхээс шалтгаалах болоод байна. Хэрэв түүнийг буруутайд тооцох юм бол олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд хэргийг олон улсын шүүхээр шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн байна. Энэ талаар өмгөөлөгч Сергей Власенко “Риа Новости” агентлагт тодорхой байр суурь илэрхийлжээ.

Б.БААТАР

Эх сурвалж: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж