&#34Хүүхэд барьсан баавгайг устгасан цагдаагийнханд хэрэг үүсгэж байсан&#34

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

&#34Хүүхэд барьсан баавгайг устгасан цагдаагийнханд хэрэг үүсгэж байсан&#34

Цагдаагийн хошууч  Зинаагийн Цогтбаатарыг “Баавгай” хэмээн хочилдог.  Их л сонин түүх өгүүлэх хүн байх нь гэж төсөөлсөн учир уулзаад хамгийн түрүүнд энэ хочийнх нь талаар сонирхлоо.

-Таныг яагаад “Баавгай” гэх болсон юм бэ?

-1994 оны наймдугаар сард байна уу даа, нэг хагас сайн өдөр “Амьтны хүрээлэнд баавгай хүн барьчихлаа” гэдэг дуудлага ирдэг юм. Одоогийн “Цайз” захын тэнд амьтны хүрээлэн байсан. Бид дуудлага аваад дор нь гялалзаад очлоо.  Тэр өдөр жижүүрийн ахлахаар би, жижүүрийн мөрдөн байцаагч дэслэгч Цогбаатар, эрүүгийн төлөөлөгч хошууч Ц.Баатар, шинжээч  Гантөмөр байсан санагдаж байна. Харин жижүүрийн туслах М.Төмөр гэж ахлах ахлагч байлаа. Бид “АКА” буутай очлоо. Торон хашааны гадна хүмүүс шавааралдчихсан. Нэг давхар байшингийн сараалжин цонхны тийшээ заахаар нь яваад  очтол хонины ууцархуу хэсэг мах харагдлаа. Малын мах шиг л харагдсан. Дөхөөд очсон чинь хүүхэд байсан. Хувцас хунар нь урагдчихсан, хүүхдийг бараг идээд  дууссан… гэдэс нь хөвөрчихсөн харагдсан. Улангассан амьтад дор нь тасдаад дуусгаж байгаа юм. Бид эд мөрийн баримт авч үлдэх ёстой байдаг. Тэгээд гурван баавгайг буудаж унагатал бусад нь намжлаа. Тэгж байж хүүхдээс нэг хөл үлдсэн. Эцэг эх нь хөлийг хараад хүүхдээ оймсоор нь таньсан л даа. Тэр хүү дөрвөн давхар оймс өмсчихсөн байсан болохоор амархан танигдаж байгаа юм.

-Тийм олон баавгай байсан юмуу?

-Нэлээд хэд байсан. Уг нь тэр хүү баавгайнуудыг өхөөрдөөд самар өгсөн байгаа юм. Ер нь сургуульдаа ирж, очихдоо өхөөрдөж самар өгдөг байж л дээ. Тэр өдөр өлсгөлөн байсан юм уу яасан юм, хүүг торонд ойртоод очиход торлуугаа татаж оруулаад тасдаад идчихсэн байсан.

-Хүн багтаж орохоор тортой байсан хэрэг үү?

-Хүүхэд багтаад орохоор байсан юм билээ. Хүн нэвтрэх боломжтой байранд баавгай байлгасан гэдгээр амьтны хүрээлэнгийн дарга нарт эрүү үүсгэсэн л дээ. Тэгээд ч татан буугдсан, дарга нар нь ч ял авсан. Манай хэлтсийн бүрэлдэхүүнд хүртэл эрүү үүсгэх шахаж, бид асуугдаж байлаа.

-Яагаад, Улаан номд орсон амьтныг хөнөөлөө гэж үү?

-Тийм. Биднийг баавгай буудаж устгасан гэдгээр шалгаад сүүлдээ цагаатгасан. Хохирогч нар “Цагдаа буруугүй, буудахаас өөр арга байгаагүй” гэж байж бид зүгээр үлдсэн. Нэлээд юм болж байж цагдаагийн байгууллага зөв ажилласан гэдэг дүгнэлт гаргасан даа. Улангассан амьтад үнэхээр аймаар. Харахын хооронд олон торон цонхноос сарвуунууд гарч ирээд хуваагаад тасдчихсан. Үзсэн хүмүүс шоконд орчихсон, уйлж унжаад бөөн юм болж байсан. Тэр хүмүүс “Наад хэдээ бүгдийг нь газар дор хий” гэж байгаа юм. Тэр хүмүүсийн сэтгэлзүйн байдал бидэнд бас нөлөөлсөн л дөө.

-Үнэхээр аймаар юм. Одоо яриагаа өөрчлөе. Та цагдаагийн байгууллагатай яаж ажил, амьдралаа холбов?

-1977-1980 онд хилийн ба дотоодын цэргийн 05 дугаар анги буюу тусгай хороонд байлдагч, бага түрүүч цолтойгоор цэргийн алба хаагаад, НАХЯ-ны харъяа засан хүмүүжүүлэх  хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын бүрэлдэхүүнд цөөнгүй жил ажилласан. Харин 1992 оноос энэ хэлтэстээ, 16 дугаар хороонд хэсгийн байцаагчаар ирж байлаа. Намайг ирэхэд Ч.Азар хэлтсийн дарга байв. Миний цагдаагаар Довчинсүрэн, П.Бэгзсүрэн гэж хоёр залуу байсан. Тэгэхэд 16 дугаар хороо их ачаалалтай. Орос цэргийн анги байрладаг болохоор хэрэг, зөрчил их гарна.  Тэр үед оросуудын  байрны ордер худалдах зөрчил их гардаг, эмэгтэй савхин цамцаар оросууд өөрснөө худалдчихдаг байсан. УАЗ 469 машинаа авдар архиар худалдсан тохиолдол ч гарсан. Улаан мөнгөн усны хэрэг гэж бас их гарсан. Хамгийн анхны хэргийг би илрүүлж байлаа л даа. Оросоос улаан мөнгөн усыг манай захынхан оруулж ирдэг урагшаа Хятад руу гаргадаг. Уранд ашигладаг бодис юм билээ.

-Уранд ашигладаг гэхээр их хортой бодис байх, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Ширмэн савтай, лац ломбо гэж жигтэйхэн. 1-3 кг жинтэй. Тэр үед зах зээлд шилжээд хойшоо явсан хүн болгон оруулж ирдэг байсан. Нэг удаа С.Чулуунбат даргаар удирдуулаад  16 дугаар хорооллоос нэг айлаас 40 гаруйг хурааж авсан. Хурааж аваад, өрөөндөө тавьсан. Маргааш өглөө нь ирэхэд савтай хэрнээ бид бүгдээрээ үнэрт нь толгой эргэж байсан. Тийм аймаар хүчтэй, хортой бодис. Энэ хэрэг удаан үргэлжлээгүй. Хоёр жил хэртэй болоод бүрэн таслан зогсоосон.

-Цагдаагийн байгууллага хурааж авсан бодисоо яадаг байсан юм бэ. Устгадаг байсан уу, эсвэл урагшаа гаргах уу.  Хэрвээ устгадаг байсан бол тийм хортой бодисыг яаж бүрэн аюулгүй устгасан юм бол гэж гайхаж байна л даа?

-ЦЕГ-ын хэмжээнд асуудал яригдаж устгасан гэж яригддаг. Би яаж устгадаг байсныг мэдэхгүй.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж