Ханхүү Харри Афганистан дахь албаа дуусгажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Ханхүү Харри Афганистан дахь албаа дуусгажээ

Их Британийн ханхүү Харри Афганистанд дөрвөн сар цэргийн үүрэг гүйцэтгэсний дараа өнөөдөр тус улсыг орхижээ. Ханхүү Харрийг цэргийн албаа амжилттай хааж, Афганистаныг орхих бэлтгэлээ хийж байхад нь сэтгүүлчид түүнтэй ярилцлага хийж амжсан байна. Өдгөө 28 настай ханхүү Харри Афганистанд алба хааж байх хугацаандаа “аппачи” байлдааны нисдэг тэргээр агаараас цохилт хийх ажиллагаанд оролцож, хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэжээ. Уэльсийн армийн ахмад цолтой ханхүү Харри  Афганистаны Гильманд мужид Британийн “Chinook” болон Америкийн “Black Hawk” зэрэг байлдааны нисдэг тэргүүдтэй хамтран талибанчуудыг дарах ажиллагаанд оролцсон аж.

Сэтгүүлчид ханхүү Харритай цэргийн үүрэг гүйцэтгэтгэсэн талаарх сэтгэгдэлээс гадна удахгүй нагац ах болох гэж байгаа болон нүцгэн зураг нь цацагдсан тухай ярилцсан байна. Ханхүү Харри сэтгүүлчдэд удахгүй нагац ах болох гэж байгаадаа маш их баяртай байгаа бөгөөд бяцхан үеэлээ харахыг тэсэн ядан хүлээж буй тухайгаа ярьсан байна. Тэрээр ярилцлагынхаа үеэр “Би нисгэгчээс илүү “PlayStation” ,“Xbox” тоглоомд гаргууд шүү” хэмээн хошигножээ. Мөн тэрбээр хамгийн хүсэмжит гоонь эрээр байхаас илүү ирээдүйн эхнэр болох бүсгүйгээ хайж олж чадахгүй байгаадаа сэтгэл зовдог хэмээн ярьжээ. Тэрээр алба хааж байх хугацаандаа бусад цэргүүдээс илүү эрх эдэлж байсан удаагүй бөгөөд бусдын адил цэргийн алба хаасан байна.

Харри Афганистанд үүрэг гүйцэтгэж байхдаа нэлээд тооны талибанчуудын амийг хөнөөсөн бөгөөд энэ тухай тэрээр “Цэргүүд хүмүүсийн амьдралыг хамгаалахын тулд өөр нэгний амийг хөнөөдөг” гэж ярьсан байна. Мөн тэрээр “Би ямар ч үед өөрийнхөө хэн гэдгийг мартахгүй байхыг хичээж ирсэн. Учир нь цэрэгт алба хааж байх хугацаанд өөрийнхөө хэн гэдгийг мартахад амархан” гэжээ.  Ханхүү Харри гэр рүүгээ харихаасаа өмнө Кипр дахь Британийн цэргийн баазад хэсэг хугацаанд саатах гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж