&#34ТТАХНЭ бус төрөх, хүүхдийн эмнэлгийн тухай асуудал&#34

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

&#34ТТАХНЭ бус төрөх, хүүхдийн эмнэлгийн тухай асуудал&#34

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан эмч нарын өлсгөлөн зарлахаар зэхэж байсан гэр, эд зүйлс, бичиг баримт зэргийг цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн  хураан авсан гэх мэдээлэл өнөөдөр хэвлэлийнхний төдийгүй иргэдийн анхаарлыг татаад байна. “Төрийн алба хаагч, цэргийн цолтой эмч нарыг өлсгөлөн зарлах нь хууль бус үйлдэл” гэж хуулийнхан тайлбарлаад байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Эмч нарыг өлсгөлөн зарлах гэж байгаатай холбогдуулан таныг хэвлэлийн хурал хийх гэж байгаа гэж сонслоо. Ямар учраас эмч нар өлсгөлөн зарлаж, тэмцэл хийхээр шийдээд байгаа юм бол?

-“Эмч нар өнөөдрийн баригдаж байгаа эмнэлгийг төрөх, хүүхдийн, нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалтаар ашиглах нь зүйтэй. Бид энэхүү эмнэлэгт ажиллахгүй ч гэсэн өөр эмч нар ажиллаж, эмнэлгийн зориулалттай байх ёстой” гэж үзэн тэмцэж байгаа юм. Дашрамд, Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн арваннэгдүгээр сарын 03-нд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийг Батлан хамгаалах яамтай хамтатгасан. Тиймээс Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэг гэж нэрлэж, ярих нь буруу юм. Батлан хамгаалах яамны харъяанд ажилладаг эмч нар гэж нэрлэвэл зохино.

-Та ямар учраас эмч нарыг дэмжиж, эмч нарын өлсгөлөн зарлах тухай асуудлаар мэдээлэл хийх гэж байгаа вэ?

-Энэхүү эмнэлгийг эмнэлэг чигээр нь авч үлдэх тухай асуудлаар надад эмч нар хандсан юм. Саналыг би хүлээн авч, УИХ-ын 20 гишүүний хамтаар гурван үндэслэлээр Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулах УИХ-ын чиглэл өгч, тогтоолын төсөл өргөн бариад байгаа. Харамсалтай нь төсөл өргөн барьснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч байхад энэ асуудал яригдахгүй, шийдэгдэхгүй, улс төрийн зорилгоор дарагдаж байна. “Барилгын хана туургыг эвдэлж, аппарыг устгах гээд байна” гэх яриа гараад байгаа учир эмч нар өлсгөлөн зарлах гэж байгаа гэсэн.

-Танд болон МАХН-д энэ барилгатай холбоотой ямар нэгэн ашиг сонирхол огтхон ч байхгүй гэж ойлгож болох уу?

-УИХ-ын гишүүн хүн хууль хэрэгжүүлэгч иргэдэд зааж, зөвлөх үүрэгтэй. Би үүргээ л биелүүлж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу өмнөх парламентийн үед эмнэлгийн төсвийн гүйцэтгэл нь шийдэгдсэн. Төсвийн зориулалтыг нэг яамны сайд юм уу, хэн нэгэн албан тушаалтан өөрчилж болохгүй юм. Төсвийн зориулалтын эрхийг өөрчлөх эрх ганцхан УИХ-д л байдаг. Эмнэлгийн барилгыг барьж дуусаад Хууль зүйн яаманд хүлээлгээд өгчихсөн бол барилгыг оффис болгоно уу, юу болгоно уу гэдэг нь Хууль зүйн яамныхны эрхийн асуудал байх байсан. Гэвч одоо энэ барилга төсвийн гүйцэтгэлээр баригдаж байгаа учир төсвийн гүйцэтгэлийг хянах эрх нь гагцхүү УИХ болон Сангийн яаманд байгаа.

-Өлсгөлөн зарлахыг та ер нь дэмжиж байгаа юу?

-Би бол аливаа асуудалд амь насаараа дэнчин тавихын эсрэг байдаг тул өлсгөлөн зарлах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрийн зүгээс эмч нарт “Өлсгөлөн зарлаж болохгүй. Та бүгдийн хүмүүнлэг энэрэнгүй үзэл баримлтлалыг би дэмжиж байна. Харин өлсгөлөн зарлахдаа нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж болохгүй. Та бүхэн баривчлагдаж, шоронд суух ч бэрхшээлтэй тулгарч магадгүй” гэж сануулсан.

-Хууль зүйн сайд төдийгүй хуулийн байгууллагынхан “Төрийн албан хаагч, цолтой эмч нар өлсгөлөн зарлах нь хууль бус үйлдэл” гэж мэдэгдээд байгаа. Үнэхээр хууль бус үйлдэл үү? 

-Монгол улсын үндсэн хуулинд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан байгаа. Тиймээс эдгээр эмч нар ч гэсэн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, өлсгөлөн зарлах бүрэн эрхтэй. Эмч нар албан тушаалын шийдвэрийг эсэргүүцэж ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл “Бид нар энэ байшинд л ажиллана. Энэ барилгыг өөрсдөө авна” гэсэн шаардлага тавьсан бол эмч нар өлсгөлөн зарлах ёсгүй. Харин эмч нар эмнэлгийн шинэ байрыг нийтийн эрх ашигт нийцүүлэн, хүүхдийн, төрөх эмнэлэг болгох зорилго тавьж байгаа тул хуулиас гажсан зүйл биш юм. Хуулинд зааснаар хүнийг буруутгахаас өмнө санаа сэдлийг нь үндэслэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл шунахайн сэдэлгүй, хувийн ашиг сонирхолгүй, нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж байвал Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, дэд хурандаа байхаас үл хамааран өлсгөлөн зарлах эрхтэй. Гэхдээ эмч нар “Хууль сайдад захирагдахгүй. Баригдаж байгаа барилгад бид ажиллана” гэж өлсгөлөн зарлавал хууль бус үйлдэл болох юм. Эмч нарын зорилго бол үүнээс өөр зүйл шүү дээ.

-Тэмүүжин сайд эмч нарыг өлсгөлөн зарлавал хариуцлага тооцох үндэслэлтэй гэж мэдэгдээд байгаа?

-Асуудал хуулийн дагуу шийдэгдэх гэж байхад асуудлыг хурцатгаад байгаа Хууль зүйн сайдыг би гайхаж байна. Нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж байгаа иргэдийн зорилгыг гуйвуулах байдлаар, мэдээллийн хэрэгслээр түгээж байгаа нь тун буруу үйлдэл юм. Х.Тэмүүжин, бид хоёрын хэн нь зөв ярьж байгааг хууль хяналтын байгууллага, шүүх шийдэх байх.

-Эмч нар яг хэзээнээс эхлэн өлсгөлөн зарлах бол?

-Эмч нар “Цагдаа нарыг ирээд тарааж магадгүй” гэж эмээгээд яг хэзээнээс өлсөхөө надад ч хэлэхгүй байна. 

-Өлсгөлөн зарлах гэж бэлтгэсэн гэр зэргийг цагдаагийн ажилчид хүч хэрэглэн зогсоосон гэж үнэн үү?

-Чингэлтэй дүүргийн Цадаагийн хэлтсийн 40 орчим алба хаагчид өчигдөр 23.00 цагийн үед өлсгөлөн зарлахаар бэлтгэсэн эд зүйлсийг хүчээр хураан авч явсан гэсэн. 

– “МАХН-ынхан өлсгөлөн зарлах “моод” дэлгэрүүлсэн” гэх яриа байгаа. Энэ тухай? 

-Би өнөөдөр Н.Энхбаяр дарга юм уу МАХН-ын өлсгөлөн зарлаж байгаа ээжүүдийн талаар юу ч ярьмааргүй байна.  Эцэст нь хэлэхэд, эр зориг гэдэг бол үхэхэд бус амьдархад байдаг юм гэдгийг хүн бүр санах ёстой.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж