Үндэсний супер лиг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Үндэсний супер лиг эхэллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний супер лигийн тэмцээн өчигдөр Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Супер лигийн тэмцээнд өнгөрсөн жилийн аварга “Баянзүрх Буллз”, “Харцага”, “TLG-13”, “Танан гарьд”, “SBL Becks”, “Эрдэнэдрийлинг RIGS”, “Эхлэл MBM” гэсэн долоон баг түрүү булаалдах юм.

Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд хамгийн өндөр шагналын сантай тус тэмцээний нээлтийн ёслолд ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төвийн удирдлагууд, сагсан бөмбөгийн спортын үе үеийн төлөөлөл болсон тамирчид, Монголын спортоос төрөн гарсан алдартнууд оролцсон юм. Хөтлөгч хийх төрөлхийн авьяастай ч гэж тодотгож болох жүжигчин Э.Ууганбаяр, “ТВ Коктейл”-ийн Э.Цолмонбаяр нар нээлтийн арга хэмжээг хөтөлж, үзэгчдийг баясгах, хөгжилтэй байлгах үүргээ чамгүй сайн гүйцэтгэв. Нээлтийн ёслолд бүжгийн “Бөртэ чоно” хамтлагаас гадна, cheerladies “Галт шувуу” охидын хамтлаг бүжиглэж, легионер тоглогчдын слэм-данк бас нэг чимэг байсан юм.

Ингээд өнгөрсөн жилийн лигийн аварга баг нээлтийн тоглолтыг хийдэг уламжлалын дагуу Үндэсний супер лигийн 2013 оны тэмцээний эхний тоглолт “Баянзүрх Буллс” болон “TLG-13” багийн хооронд болов. Ч.Дорждэрэм эзэнтэй “Баянзүрх Буллс” багийн хувьд өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээс холбон тоглогч Г.Баттөрийг “Харцага” багт алдсан ч Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал өөрийн хүү  Пүрэвдоржийг Т.Санчирын хамт багтаа элсүүлжээ. Залуу бүрэлдэхүүнтэй “TLG-13” тоглолтыг эрч хүчтэй эхлүүлсэн ч аваргууд туршлага зааж, дөрвөн үеийн туршид илүүрхсэнээр 104:94 харьцаатай ялалт байгуулж, анхны ялалтаа авсан юм. “Буллс”-ын “шинэ цэрэг” Т.Санчир болон Д.Мөнхтүвшин нар тус тус 28 оноо авсан бол холбон тоглогч Ц.Пүрэвдорж 15 оноо авчээ. Харин “TLG-13” багаас Г.Цэнгүүнбаяр 25, Б.Дархантөгс 19, Э.Цэрэнбаатар 14 оноо авсан ч аваргуудын эсрэг хүчин мөхөстөв.

Өчигдрийн хоёр дахь тоглолт дээд лигийн дөрвөн удаагийн аварга “Энержи Ресурс Харцага” болон Спрайт лигийн өнгөрсөн жилийн аварга “Танан гарьд” багийн хооронд болсон. Өнгөрсөн жилтэй харьцуулахад “Харцага”-ын бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт орсон байв. Сүүлийн хоёр ч улирал тоглоогүй Б.Ганхөлөг багтаа эргэн ирснээс гадна өнгөрсөн жилийн аварга багийн тоглогч Г.Баттөрийг тэд эгнээндээ нэгтгэжээ. Хоёр багийн тоглолт 102:95 харьцаатай “Харцага”-ын ялалтаар өндөрлөв. Тус тоглолтод “Харцага”-аас Г.Баттөр 30 оноо авч, багаа тэргүүлсэн бол “Танан гарьд”-аас О.Ууганбаяр 26, ОУХМ Г.Ихбаяр 14 оноо авчээ.

Дашрамд дуулгахад, Үндэсний супер лигийн тоглолтууд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт 18.00 цагт эхэлж, өдөрт хоёр тоглолт болох юм. Дараагийн тоглолтууд маргааш “Баянзүрх Буллс” vs “SBL Becks”, “Танан гарьд” vs “Эрдэнэдрийлинг RIGS” багийн хооронд болно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж