Төрийн айлчлалын хоёр дахь өдөр буюу өчигдөр хоёр улсын Ерөнхийлөгч нарын өргөтгөсөн хэлэлцээ болж, үүний дараа хамтын ажиллагааны талаарх хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн БНПУ-ын Сеймийн маршал Эва Копач, Сенатын маршал Богдан Борусевич нартай уулзсанаас гадна Варшавын их сургуулийн монгол судлалын тэнхимд зочилсон юм. Монгол судлалд польшуудын оруулсан хувь нэмэр их болохыг энэ ялдамд тэмдэглэн хэлээд монгол хэл, судлалаар мэргэшиж буй оюутан, багш, эрдэмтэдтэй уулзаж санаа бодлыг нь сонссон байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол судлалын тэнхимд лингафоны кабенит бэлэглэлээ. Монгол судлалын уламжлалыг хадгалах, цаашид улам бүр хөгжүүлэхэд энэ нь томоохон дэмжлэг болох юм. Өнөөдөр Варшавын их сургуулийн монгол судлалын тэнхимд 30 гаруй оюутан суралцаж буй бөгөөд Монгол Улсын өнөөгийн эрчимтэй хөгжилтэй дэлхийн дахины анхаарлыг татах хэрээр монгол судлалаар суралцагсад улам бүр шаардлагатай болж байгааг Варшавын их сургуулийн удирдлагууд хэлж байлаа.
Мөн өдрөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ноён ерөнхийлөгч Бронислав Коморовски хүндэтгэлийн зоог барьж, энэ үеэр Польшийн нэгэн бахархал болсон суут хөгжмийн зохиолч Шопены бүтээлүүдээс хөгжимчид тоглож, зочдод хүндэтгэл үзүүлсэн байна.