
Тус тодруулганд Скайтел Группын Хуулийн хэлтсийн менежер Д.Тэмүүлэл хариулахдаа,
“Вэбсайтаар гарсан мэдээлэлд дурдагдсан 55хххххх дугаарлалт нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн ашигладаг дугаарлалт биш,Мобиком корпораци ХХК-ийн утасгүй суурин холбооны үйлчилгээнд ашиглаж буй дугаарлалт бөгөөд энэхүү дугаарлалтаар эхэлсэн хэрэглэгчид Скайтел компанийн үйлчилгээнд шилжих асуудал огт байхгүй тул ташаа мэдээлэл юм.
Харин 50хххххх дугаарлалтын хувьд Монголын цахилгаан холбоо ХК-ийн утасгүй суурин холбооны үйлчилгээнд ашиглагдаж байсан бөгөөд утасгүй суурин холбооны тусгай зөвшөөрөл цуцлагдсантай холбоотойгоор уг дугаарлалтыг Скайтел компанид шилжүүлэхээр болсон. Ингэхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.5.4 дахь заалт, 041/МС05 тоот тусгай зөвшөөрлийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны Мэдээлэл, холбооны хяналтын Улсын байцаагчийн 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 66/01/01 тоот албан шаардлагуудыг үндэслэн Монголын цахилгаан холбоо ХК-ийн утасгүй суурин үйлчилгээний тусгай зөвшөөрлийг цуцалж хэрэглэгчдийг 2013 оны 1-р сарын 31-ний дотор багтаан бусад сүлжээрүү шилжүүлэх шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, тус компанийн утасгүй суурин холбооны үйлчилгээнд ашиглаж буй техник, тоног төхөөрөмж нь бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан, уг зөрчилтэй холбоотой улсын байцаагчын шаардлагыг биелүүлээгүй байсантай холбоотой байсан” гэж албан ёсны мэдээлэл өгсөн юм.
Нэгэнт хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдаж байгаа учраас уг үйлчилгээг хэрэглэж байсан хэрэглэгчдийн хувьд өмнө ашиглаж байсан дугаараараа үргэлжлүүлэн үйлчилгээ авах, хэрэглэгчдийн ажил хэргийн болон амин хувийн харилцаа холбоонд тасалдал үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх үүднээс Монголын цахилгаан холбоо ХК-ийн ашиглаж байсан системтэй ижил технологи бүхий системийг ашиглаж буй Скайтел компанид хэрэглэгчдийг шилжүүлэхээр болсон байна.
Харин үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын тодруулгыг Скайтел Группын Борлуулалт, үйлчилгээний албаны захирал Б.Дэмбэрэлээс тодруулахад,
“Скайтел компани нь шилжин ирж буй хэрэглэгчдэд онцгой хөнгөлөлттэй нөхцлийг санал болгож байгаа ,Монголын цахилгаан холбоо компанийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 50хх-хххх гэсэн өөрийн дугаартайгаа Скайтел компанийн Nice үйлчилгээнд ямар нэг суурь хураамж, барьцаа төлбөр төлөхгүйгээр шилжих ба хэрэв хүсвэл 91хх, 96хх дугаарлалт бүхий VIP, Business class, Open, Nice үндсэн үйлчилгээний багцаас аль хүссэнээ сонгох, сонгосон багцын бүртгэлийн хураамжаас 100 хувь чөлөөлөгдөж, Sky melody, Call keeper үйлчилгээнүүдийг 1 сар үнэгүй ашиглах эрхийг олгож байгаа.
Харин урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд өөрийн 50хх-хххх дугаарлалт бүхий дугаартайгаа сүлжээ харгалзахгүй хамгийн хямд Skyphone болон D20, Skycall үйлчилгээнүүдээс аль хүссэнээ сонгох, эсвэл 91хх-хххх, 96хх-хххх дугаарлалтаас сонгох боломжийг олгон Sky melody, Call keeper үйлчилгээнүүдийг 1 сар үнэгүй ашиглах эрхийг олгоно.
Мөн бүх хэрэглэгчдэд хуучин ашиглаж байсан утас нь Скайтелийн сүлжээнд ашиглах боломжгүй тохиолдолд шинэ гар утсыг үнэ төлбөргүй өгөх бөгөөд 247 үйлчилгээний 2-6 сарын эрхийг бэлэглэнэ” гэлээ.
Вэб сайтуудаар гарсан мэдээнд дурдсан шиг 50хххххх дугаарлалт бүхий дугаарын ярианы тарифыг өсгөсөн зүйл огт байхгүй бөгөөд хэрэглэгч өөрийн сонголтоор сүлжээ харгалзахгүй 30 төгрөгөөр ярих Skyphone үйлчилгээ, эсвэл сүлжээндээ хязгааргүй ярих 247 үйлчилгээ бэлэглэх зэрэг хэрэглэгчдэд ашигтай үйлчилгээнүүдийг өөрийн сонголтоор хэрэглэх бүрэн боломжтой болохыг Скайтелийн санал болгож буй нөхцлүүдээс харж болно.
Түүнчлэн Монголын цахилгаан холбоо ХК-ийн үйлчилгээнд байдаггүй байсан “Олон улсын роуминг” үйлчилгээ, Монгол Улсын бүх аймаг, томоохон сумдыг хамарсан CDMA 3G үйлчилгээг ашиглах боломжтой болж байгаа нь хэрэглэгчдийн хувьд олзуурхууштай зүйл болсон байна.
Скайтел компанийн зүгээс хэрэглэгч шилжихтэй холбоотой асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 01/1082 тоот албан бичгээр мэдээлэл хүргүүлэн хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, хамгаалах тал дээр хамтран ажиллах саналыг мөн хүргүүлсэн байна.
Иймд Скайтел компани давуу эрх авч 50хххххх- тай дугаарын ярианы тарифыг өсгөсөн биш харин хэрэглэгчдэд ашигтай, хөнгөлөлттэй, илүү хямд, өмнө авч байсан үйлчилгээнээс илүү хамрах хүрээ өргөнтэй, дэвшилтэт үйлчилгээг санал болгож байгаа юм байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.