Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс бага ангийн багш нарын сургалтыг сурагчдын амралтаар зохион байгуулж дууслаа. Энэ удаагийн сургалтад Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн тав дахь жилдээ багшилж буй 109 залуу багш оролцсон байна. “Эрдэм боловсролтой Монгол хүн” боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн дагуу “Зөв монгол хүүхэд” төлөвшүүлэхэд багш нарыг бэлтгэх зорилгыг өвөрлөсөн сургалт амжилттай боллоо хэмээн зохион байгуулагчид өгүүлж байлаа. “Зөв монгол хүүхэд” төлөвшүүлэх хөтөлбөр одоогоор нийслэлийн 44,93 дугаар сургууль болон “Эрдмийн өргөө” цогцолборт хэрэгжиж эхэлжээ. Хөдөө орон нутагт анги дүүргэлт харьцангуй бага учир хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж сургалтад оролцсон багш нар дүгнэж байна. Өмнө нь сурагчдын сурлагын чанар, амжилтаар багшийн ажлыг дүгнэдэг байснаас дүнгийн хойноос хөөцөлдөх үзэгдэл их байсан бол одоо боловсролын үнэлгээ, дүгнэлт өөрчлөгдөж, хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах, хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг хөгжүүлэх боломжтой болж байгаа ажээ.
Д.ЦЭЭНЭ