Ажил хайгч 4000 гаруй хүн бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Ажил хайгч 4000 гаруй хүн бүртгүүлжээ

Ажилтай, орлоготой болохыг хүссэн 4000 гаруй хүн Монголын Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлжээ. Тодруулбал,  Шинэчлэлийн Засгийн газраас энэ жил “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, нийт 6600 хүнийг ажилтай болгох зорилт тавьсан бөгөөд эхний ээлжинд 3300 хүнийг сургалтад хамруулахаар болсон байна. Үүний тулд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж зэрэг төрийн яамд, агентлагууд хамтран мэргэжилтэй ажилтанг таван сарын хугацаанд бэлтгэн, ажлын байранд зуучлах  ажээ. Ингэхдээ сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөөр цалинжуулж сургахаараа онцлог гэж байгаа юм. Одоогийн байдлаар 4000 гаруй хүн сургалтад бүртгүүлсэн бөгөөд дийлэнх нь уул уурхайн салбарыг сонирхож байгаа талаар Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. Тиймээс ажил хайгчид ямар ажил хийхээ сайтар тунгааж, зөвхөн уул уурхай гэлтгүй бусад салбарт ажиллаж болохыг санах хэрэгтэй гэлээ. Тухайлбал, цаашдаа улс орны хөгжлийг залах Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Тавдугаар цахилгаан  станц гээд том бүтээн байгуулалтад ажиллах боломжтой аж.

Дээр дурдсанчлан бүртгүүлэх ёстой тооноос хэтэрсэн ажиллах хүчний нийлүүлэлт байгаа болохоор ажлын байрны хомсдлыг бий болгохгүйн тулд ажил олгогчид энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцох нь зүйтэй ажээ. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн төв биржид ажил олгогч та ямар ажлын байранд ажилтан хэрэгтэй байгаагаа мэдээлж, идэвхтэй харилцах хэрэгтэй байгаа юм байна. Сургалт явуулах багшлах боловсон хүчин бэлэн байгаа бол ажил хайгч болон ажил олгогчийг Хөдөлмөрийн төв биржид үргэлжлүүлэн бүртгэсээр байна. Бүртгүүлэхийн тулд бирж дээр очиж, хамгийн эрэлттэй ажлын байрыг сонирхож, зохих мэдээллийг аваад материалаа бүрдүүлж өгөх ёстой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж