Талбайн теннисний оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн” энэ сарын 14-нд Мельбурн хотноо эхэлсэн билээ. Хатуу хучилттай талбай дээр явагддаг тус тэмцээн энэ жил 101 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Эрэгтэйчүүдээс Испаний Рафаэль Надаль, АНУ-ын Мэрди Фиш нарын шилдэгүүд ирээгүй бол эмэгтэйчүүдийн хувьд бүх шилдэгүүд Мельбурнд хүрэлцэн ирсэн. Ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ наймд өрсөлдөх теннисчид тодорлоо.
Дэлхийн манлай теннисчин Беларусын Виктория Азаренка ОХУ-ын Светланa Кузнецоватай, Австралид тавантаа түрүүлээд буй АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс (3), нутаг нэгт Слоан Стефенстэй учраа таарлаа. Нөгөө хэсгээс тус тэмцээний зургаад эрэмбэлэгдсэн, Азийн тэргүүн теннисчин Хятадын Ли На Польшийн Агнешка Радваньскатай, ОХУ-ын Макарова нутаг нэгт Мария Шарапова нар оноолт таарлаа. Дэлхийн манлай теннисчин Азаренкатай наймд учраа таарсан “Их дуулга”-ын хоёр түрүүт ОХУ-ын Светлана Кузнецова Данийн Каролина Возняцкиг буулган авч шигшээ наймд шалгарсан. 2009 онд "Францын нээлттэй тэмцээн"-нд түрүүлснээс хойш төдийлөн амжилттай тоглож чадахгүй байгаа Кузнецова энэ жил зодог тайлж магадгүй гэдгээ мэдэгдээд байгаа тэрбээр хамгийн тааруухан тоглодог Мельбурны кортон дээр гялалзаж байна.
Эрэгтэйчүүдийн хувьд дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, Чехийн Томаш Бердых (5), Испанийн Дэвид Феррер (4) нутаг нэгт Никалос Альмагро (10) нар шигшээ наймд шалгараад байна.