
Монголын залуу зохиолчдын холбооноос өнөөдөр Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарчид хүндэтгэл үзүүллээ. Тэд өөрсдийн гаргасан номуудынхаа дээжийг шар хадгийн хамт гэрт очиж гардуулсан юм. Ардын уран зохиолч П.Бадарч энэ үеэр “Та нарыг Б.Баастынд очсоныг би хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдсэн. Харин өнөөдөр манайд ирж байгаад их баяртай байна. Өмнө нь хэн ч надад ийм их номын дээж бэлэглэж байсангүй. Энэ бол Б.Явуухулан гуайн үүсгэн байгуулсан залуу зохиолчдыг дэмжих уулзалт, дугуйлангаас анх шүлэг найраг бичиж эхэлсэн надад их том хүндэтгэл боллоо. Ахмад залуу үеийн сайхан холбоо 1990-ээд он гараад тасарсан. Энэ уламжлалыг сэргээх, ахмадуудынхаа амьдрал уран бүтээлийн түүхийг сонсож, суралцахаар зорьж яваа утга зохиолын ирээдүй болсон залуучуудад уран бүтээлийн өндөр амжилт хүсье” гэлээ.
Т.ДАРХАН