Тиймээс Хууль зүйн яамнаас хүн худалдаалах, цахим гэмт хэрэг, мөнгө угаах, терроризм зэрэг улс дамжсан гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулах хуулийн төсөл санаачлах удахгүй өргөн барих гэж байгаа юм байна.
Мөн сүүлийн үед “МИАТ” компаниар дамжуулан мөнгө угааж, завшиж байсан зургаан хүнийг шалгаж байгаа гэсэн дуулиан дэгдээд байгаа.
Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Мөрдөх албыг байгууснаар зохион байгуулалтайгаар гэмт хэргийн эзэдтэй бүрэн дүүрэн тэмцэх боломж бүрдэх байх. Мөн эхний хэрэг нь “МИАТ” компаниар дамжуулан мөнгө угаасан гэмт хэрэг гарсан. Үүнийг бид шалгаж байгаа, тодорхой мэдээлэл, гэмт хэргийг илрүүлэх тактикийн асуудлаа нууцлах шаардлага байгаа. “МИАТ” ХХК-ийн мөнгийг угааж гаргаад, тус компанийн хувьчилж авна гэсэн ойлголт байхгүй. Цөөнгүй сая ам.доллартай холбоотой хэрэг байгаа. “МИАТ” ХХК-ийг ашиггүй болгож, орлогыг нь гадаадад гаргаад, түүнийгээ өөр дансанд шилжүүлж, “МИАТ”-ыг худалдаж авах нь гэдэг байж боломгүй асуудал. Үүнд улстөрчид, эрх мэдэлтнүүд холбоотой, гэхдээ шалгаж, тогтооно. Хуулийн байгууллага нотлох баримтыг шалгаж, үнэн гэдэг нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэнэ. Мөн мөнгийг нь эргүүлэн тухай компанид төлүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Эрх мэдэлтгүүд төсвөөс болон төрөөс эсвэл төрийн оролцоотой компанийн хөрөнгөөс ямар нэг байдлаар гуйвуулж, зувчуулж, түүгээрээ төрийн өмчит компанийг дампууруулж, худалдаж авдаг жишиг дахин давтагдахгүй” гэж Хууль зүйн сайд онцолсон юм.
“Цаашид эрх мэдэлтнүүд оролцсон, ихээхэн хэмжээний хөрөнгөтэй холбоотой, улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд өнгөрсөн гурван сарын хугацаанд бодлогоо боловсруулсан. Цаашид зоригтой, зорилготой цоо шинэ албатай болно” гэж сайд Х.Тэмүүжин мэдэгдлээ.